Тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлагдсан зарим хүний шинжилгээг олон хоногийн дараа авч байна, 21 хоногийн тусгаарлалтыг багасгах хэрэгтэй хэмээн цахимд цацагдсан мэдээлэлд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр тайлбар өглөө.

Тэрээр "Бид иргэдээ 21 хоногийн хугацаатайгаар тусгаарлан тандаж, ажиглаж байгаа. Тандалт явуулахдаа эмнэлгийн "check list"-ээр эрүүл мэндийн байдлыг нь хянаж өглөө, орой эрүүл мэндийн асуумж судалгаа авч ажиллаж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу бид тусгай үүргийн онгоц ирснээс хойш 24-72 цагийн дотор шинжилгээ авна. Мөн 19-20 дахь хоног дээр нь авна. 

Бидний гол зорилго бол ирсэн онгоцноос батлагдсан тохиолдлыг илрүүлж авах, халдварыг иргэдийн дунд тараахгүй байх юм. Энэ зорилгоо биелүүлж ажиллаж байгаа. Өнөөдрийг хүртэлх долоон сарын хугацаанд ирсэн хүмүүсээс батлагдсан тохиолдлыг илрүүлэн авч байна. Иргэдийн дунд өвчлөлийг тараахгүй явж ирлээ. Шинжилгээг хэзээ авах вэ гэдэг нь халдвар судлалын заалтаар явдаг асуудал. Халдвар илрээгүй, онгоц, автобус зэрэг коллективийг хоёр удаа шинжилнэ. Халдвар илэрвэл халдвар судлалын заалтаар, вирусийн онцлогоос хамаарч шинжилгээг хойш нь дарааллуулж хийнэ.  

Эмчлэгдээд гарсан хүнд ч вирус дахин илрэх тохиолдол улс орнуудад олон гарч байна. Яагаад 21 хоногийн дотор тандаж шинжилж байна вэ гэхээр гаднаас ирж буй хүмүүс хөнгөн балархай хэлбэр юмуу шинж тэмдэггүй хэлбэрээр өөрөө мэдэхгүй өвчилж байна. Бид энэ тандалтыг хийх гэж ажиглан тусгаарлаж байна. Бид эмчлэгдсэн хүмүүсээ дахин 14 хоног сувилалд тусгаарлаж, шинжилгээ авч байна. Эдгэрсэн хүмүүс дахин өвчилж, халдвар тараах үгүй талаар дэлхийн эрдэмтэд тодорхой хэлж чадахгүй байна. Эдгэрсэн хүмүүсээс ажиглан тусгаарлалтын явцад дахин вирус илрэх тохиолдол ч гарч байна. Үүнийг иргэд зөв ойлгох хэрэгтэй.

Ийм учраас тандалт, шинжилгээ авах хоногийн асуудал бол эмнэлгийн нарийн ажилбар. Хэн нэгэн хүн хийсэнгүй гэхээр нь очиж хийдэг ажил биш" хэмээлээ.