Одоогоос долоон жилийн өмнө “Хайрын хүч” хандивын тоглолт хийж  ховор төрлийн аюулт  ясны хорт хавдар өвчний эсрэг тэмцэж  байсан Б.Тамир болон түүний гэргий С.Болормаа нарын бодит амьдралаас сэдэвлэсэн “Үүрдийн хайр” уран сайхны кино нээлтээ хийлээ.

Энэхүү кино зохиолын баатрууд болох хосууд өөрсдийн цахим хуудсандаа 2014 – 2016 онд аюулт өвчнийхөө эсрэг туулж буй  замнал болон хайрын түүхээ нийтэлж, Монголчуудад хуваалцан үнэнч хайр, амьдралын үнэ цэнийг ойлгуулж байсан билээ.

Гайхалтай хосын амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг кино нь хосуудын тухай бидний мэдэхгүй үйл явдал, тэмцэл, баян гуниг, асуудлууд, нууцлал болж ирсэн бүх зүйлсийг бүрэн хэмжээний уран сайхны кино болгон бидний хүртээл болгож байгаа юм.

Уг бүтээлийн Ерөнхий найруулагчаар Аполло филмийн  Найруулагч Ц. Анхбаяр ажилласан бөгөөд  кино зохиолыг зохиолч , найруулагч МУСТА  Л.Таванбаяр болон Ц. Анхбаяр нар хамтран бичсэн юм.

Кино багийн ерөнхий зураглаач МУСТА Г. Гүенбаатар, гэрэлтүүлэгч МУСТА Э. Батнямбуу, ерөнхий зураач МУСТА Ц. Хүрэлбаатар, дууны найруулагч МУСТА Л. Цэрэнтогтох, хөгжмийн зохиолч  Д. Мөнхболд /A SOUND /нар өмнө нь “37-р точка” , “Маш нууц”,” Байтаг богд”, “Тэнгэрээс буусан од” , “Халуун зүрх”  гэх мэт шилдэг  уран бүтээлд ажилласан туршлагатай баг хамт олныг бүрдүүлж хийснээрээ давуу тал болжээ.

“Үүрдийн хайр” УСК-оор Монголын кино урлагт шинэ өнгө төрх болж залуусын хайр дурлал, үнэнч, нандин сэтгэл зэргийг харуулахаар зорьж буй гэнэ. Тус  бүтээлийн гол дүрийг жүжигчин О.Амгаланбаатар, Б.Хунцэнгүүн нар бүтээжээ.