Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр өглөө онгоцоор Улаанбаатарт ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарч, коронавирус илрээгүй. "Тэднээс коронавирус илэрсэн" гэж ташаа мэдээлэл өчигдөр тархсан нь эмнэлгийн ажилчид болон төрийн ажилд нэлээд садаа болсон. Иймд худал мэдээ тараахгүй байхыг хүсэж байна. 

Гуравдугаар сарын 6-нд ХӨСҮТ-д хоёр, Бага баян сувилалд 12, Дархан-Уул аймагт гурав, Дорноговь аймагт долоо, Өмнөговьт нэг буюу нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байна. 

Цаашид иргэд анхаарал, сэргийлэлтээ сулруулж болохгүй. Итали, БНСУ маш төвөгтэй байдалд орсон. Иймд бидний зөвлөж буй энгийн зөвлөмжүүдийг чандлан сахиж, хариуцлагатай энэ үеийг давах шаардлагатай. Хувь хүн бүрийн хариуцлага маш чухал. Өнөөдрийг хүртэл алдаа гаргаагүй байгаа энэ байдлаа хамгаалах хэрэгтэй байна" хэмээлээ.