Парламентын засаглалтай, төлөөллийн ардчиллыг хөгжлийн замаа болгож сонгосон улс орнууд шийдвэр гаргах түвшинд нийгмийн бүлгүүдийн оролцоо, тэнцвэртэй төлөөллийг хангах чиглэлд ихээхэн хүчин чармайлт гаргасаар байна.

Эдгээр улс орнууд тэнцвэртэй төлөөллийг хангахад эрх зүйн янз бүрийн зохицуулалт ашигладгаас хамгийн түгээмэл нь дэлхийн 137 оронд хэрэгжиж буй КВОТ гэх систем юм. Монгол Улсын хувьд шийдвэр гаргах түвшинд дэх жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 186 орноос 134-т эрэмбэлэгдэж байна.

Монгол Улс Сонгуулийн тухай хуульдаа квотыг 20 хувиар тогтоосон нь ижил төрлийн зохицуулалттай орнууд дундаа хамгийн бага үзүүлэлт болсоор ирсэн билээ.

Шийдвэр гаргах үйл явцад нийгмийн олон бүлгүүдийн төлөөллийг хангаж, тэдгээрийн дуу хоолойг сонсож, тулгамдаж байгаа асуудлыг нь оновчтой тодорхойлж байж улс орны хөгжлийг хүн амд тэнцвэртэй хуваарилах боломж бүрддэг учир квот зэрэг аргыг ашиглаж эрх мэдлийг оновчтой хуваарилдаг байна.

Монгол Улс 20 хувийн квотыг хуульчилж байсан 2011 оноос хойш дэлхийн 20 гаруй орон цоо шинээр квот тогтоох эсвэл тухайн үед байсан квотын хэмжээгээ нэмэгдүүлэх зэрэг олон шинэчлэлтүүдийг хийснийг Питсбургийн Их сургуулийн профессор Мелани М.Хьюз онцолсон.

Нэр дэвшигчийн квотыг 10 хувиар нэмэгдүүлэхэд сонгогдсон эмэгтэйчүүдийн хувь ердөө гурван хувиар л нэмэгдсэн үзүүлэлт байна. Тэгэхээр шийдвэр гаргах түвшинд тэнцвэртэй оролцоог хангахын тулд улс орнууд квотын шинэчлэлийг зоригтойгоор хийх нь чухал гэгддэг. Энэ мэтчилэн олон улс квотын шаардлагаа нэмэгдүүлэх хандлага өндөр байгаа бөгөөд Монгол Улс ч энэ чиглэл рүү явна гэдэгт найдаж байгаагаа тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.


Манай улсад эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвшиж, сонгогдохын тулд гурав дахин илүү зардал гаргах шаардлага бий болдог гэсэн албан бус тооцоо бий.  Ямартай ч шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлүүдийг хийнэ гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Тэрээр “Жендэрийн тэгш байдлыг хангах гэдэг нь хөгжлийн бүхий зорилтдоо хүрэх замын эхлэл төдийгүй хүний эрхийг хангах суурь асуудал гэдгийг бид ухамсарлах ёстой. Түүнчлэн нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой гэдгийг олон судалгаа харуулдаг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг хоёр хувиар нэмэгдүүлэхэд авлига найман хувиар буурдаг гэсэн Дэлхийн банкны судалгаа байдаг гэдгийг мөн дурдаж байв.

Монгол Улс шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээрээ 29 дүгээр байр хүртэл урагшилж, дэлхийд үлгэр жишээ, тэргүүлэгч 30 орны нэгд албан ёсоор багтах боломж байна.

Монгол Улсын хувьд нийгэм соёлын хүчин зүйлээс шалтгаалан холбогдох хууль дахь квотыг хүн амын төлөөлөлд дүйцүүлэн нэмэгдүүлэх, улс төрийн намуудын амлалтыг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн саад бэрхшээлүүдийг арилгах зэрэг арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлж байж богино хугацаанд ахиц гаргах боломжтой. 

Одоо яригдаж буй Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульдаа квотын хэмжээг зоригтойгоор нэмэгдүүлж, парламентын нийт гишүүдийн 40 хувийг эмэгтэйчүүдээс бүрдүүлж чадвал Монгол Улс шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээрээ 29 дүгээр байр хүртэл урагшилж, дэлхийд үлгэр жишээ, тэргүүлэгч 30 орны нэгд албан ёсоор багтах боломж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсыг жагсаалтад ахиулах, зөвхөн эмэгтэйчүүдэд ч хамааралтай асуудал бус тэнцвэртэй төлөөлөл бий болсноор хүний хөгжил сайжирч, нийгмийн суурь асуудлууд шийдэгдэж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө нь хүлээсэн үүрэг, зорилтуудаа хэрэгжүүлэх чухал алхам юм.