Д.Ганмаа: Д амин дэмийн хурц дутагдлын үед гар хөл янгинаж өвддөг гэдгийг эцэг эхчүүд мэддэггүй

Х.Оргил
01 сарын 22, 2020

АНУ-ын Харвардын Анагаах ухааны сургууль, Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор, доктор Д.Ганмаа зөвлөж байна.

Д витамин нь ясны эрүүл байдлыг хадгалах, дархлааны урвалын хэвийн үйл ажиллагааг хангах, ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зэрэг ашиг тустай амин дэм юм.

 Хот, хөдөөг хамруулан хийсэн хоол хүнсний нарийвчилсан судалгаагаар Монголчууд өвлийн улиралд 99 хувь, зуны улиралд 39 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байна. 

Зуны сар наранд борлож хуримтлуулсан Д сайндаа 2-3-хан долоо хоног цусанд хадгалагдаад буучихдаг. Ингэхээр нарнаас авах боломжгүй гэсэн үг. Хэрэв хувцас өмсчихөөд наранд яваад байвал Д амин дэм авч чадахгүй. Цонхны цаанаас хүүхдээ нарлуулвал бас л үр дүнгүй. Иймээс хүүхдээ аль болох хүүхдэдээ айраг түрхэж гадаа нарлуулж, өдөрт заавал 30 минут тоглуулаарай. Хэрэв нарнаас авч чадахгүй бол гадаад дотоодын чанарын хяналттай лабораторт шинжилгээ өгөөд Д амин дэм ууж болно. Уг нь хүнснээсээ авах боломж бий л дээ. Үхрийн элэг, өндөг Д амин дэм агуулдаг. Гэхдээ авах ёстойг амин дэмээ нөхөхийн тулд өдөрт 12 ширхэг өндөг, 1,2 кг элэг идэх болдог. Тийм учраас хүнсээ баяжуулах хэрэгтэй байна. 

Д аминдэмийн дутагдлыг бууруулж нөхөхгүй явснаар ид өсөн бойжиж байгаа хүүхдийн эрүүл мэндийн дархлааны тогтолцоо муудсанаар сүрьеэ болон бусад халдварт өвчнөөр өвдөх магадлалтай, өвдсөн хойно нь эдгэрэлт удааширдаг, өсөлт удааширч, анхаарал сулралтай, шүд амны эрүүл мэнд муудах гээд маш олон эрсдэлтэй  Зарим эцэг эхчүүд хүүхдийн хөл өвдлөө гээд үе мөчний өвчтэй болчихож гэдэг.Үнэндээ голдуу Д амин дэмийн хурц дутагдлын үед гар хөл янгинаж өвддөг гэдгийг төдийлэн мэддэггүй. Тиймээс мэргэжлийн байгууллагад хандаж шинжилгээ өгч тодорхойлуулахыг зөвлөж байна.

Харин анхааруулж хэлэх зүйл бол хэзээ ч Д амин дэмийг тариулж болохгүй. Үнэхээр тариулах шаардлагатай бол зөвхөн нарийн мэргэжлийн эмчийн хяналт доор хийлгээрэй. 

Витамин Д-г хэрхэн авах вэ?

  • 1. Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр
  • 2. Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр
  • 3. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.

Дараах тохиолдолд витамин Д уухыг хориглоно.

  • Бөөрний архаг өвчтэй
  • А витамин уусан бол 14 хоногийн хугацаанд уухгүй байх
  • Цусан дах Д витамины хэмжээ их байгаа тохиолдолд
  • Цусан дах кальцийн хэмжээ их байгаа үед
  • Зуны улиралд буюу 6-9 сард уухгүй.

Иймд та цусан дахь витамин Д-гээ шалгуулсаны дараагаар эмчийн зөвлөсөн тунгаар витамин Д-гээ хэрэглээрэй !!!

Холбоотой сэдвүүд

витамин витаминд

Сэтгэгдэл бичих (20)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.