Холливудын нэрт жүжигчин Дуэйн Жонсон, UFC-гийн октагонд эхний ялалтаа байгуулсан Зимбабвегийн Темба Горимбо хэмээх тулаанчид байр бэлэглэж баярлуулжээ. Тулаанч эр октагоны тулааны өмнө дансандаа ердөө 7 ам.доллартой үлдсэн байна. 

Тулаанд ялсныхаа дараа тэрбээр бээлий болон шортоо дуудлага худалдаанд оруулж, 7000 ам.доллар олж, тэр чигт нь Зимбабве дэх ар гэрийнхэндээ шилжүүлж, усны насос авахуулснаар гэр бүл нь бохир ус биш, цэвэр ус уух боломжтой болсон байна. Тулаанч Темба Горимбо дансандаа мөнгөгүй хоцорч, спорт заалныхаа буйдан дээр хоноглох болжээ.

Жүжигчин Дуэйн Жонсоны хувьд америк хөлбөмбөг тоглохыг хүссэн ч драфтад сонгогдолгүй хоцорч, дараа нь “Калгари Стампидерс” багт орсон ч жилийн дараа багаасаа хасагдахдаа дансандаа яг 7 ам.доллартой үлдэж байсан аж. Иймд өөртэй нь адил түүхтэй тулаанчид туслахаар шийдсэн байна.   

Тэр “Майамид амьдрахад чинь тусалж чадах Жей нэртэй найзтайгаа танилцуулъя” гээд машиндаа суулган дагуулан явжээ. Нэгэн байшинд ортол тавцан дээр нь Горимбогийн гэр бүлийн зураг жаазанд байсан аж. Тулаанчийг гайхан харахад Дуэйн Жонсон “Гэртээ тавтай морил” гээд тэвэрчээ.

Гэнэтийн сайхан бэлэг авсан Горимбо “Надад маш их хөдөлмөрлөж, аварга болох хүсэл төрүүллээ. Би заавал аварга болно. Надад итгээрэй” гэжээ.