"Лозанн-2020" Залуучуудын өвлийн III Олимпийн наадмын Гүйлтийн цанын уралдаанууд өндөрлөлөө. 

Сонгодог тэшилтийн техникээр уралдах эмэгтэйчүүдийн 5км-ийн зайд 77 тамирчин өрсөлдсөнөөс Шведийн М.Русенберг /14:15.7/ аваргын Алтан медалийг хүртэж, Залуучуудын олимпийн алт, мөнгө, хүрэл цогц медалийн эзнээр тодорлоо. Мөнгөн медалийг өмнөх уралдаануудын хошой аварга Швейцарийн Ш. Виггер/14:28.4/ хүртсэн бол АНУ-ын К.Крамер/14:36.3/ Хүрэл медалийн эзнээр тодров.

Эрэгтэйчүүдийн 10км-ийн уралдаанд 79 тамирчин гараанаас гарч, ОХУ-ын И.Трегубов/26:40.5/ Алтан медаль, Германы Э.Кех/27:25.5/ Мөнгөн медаль, АНУ-ын У.Кох/27:29.5/ Хүрэл медалийг тус тус хүртлээ.

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН - СОНГОДОГ ТЭШИЛТИЙН ТӨРӨЛ

Эмэгтэйчүүд /5км/:
- Б.Номин-Эрдэнэ - 18:08.7/+3:53.0/ - /77 тамирчин уралдсанаас 61-р байр/

- Д.Урангоо - /Барианд ороогүй/

Манай тамирчин Д.Урангоо нь мөсөн дээр халтирч, гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд, биеийн ерөнхий байдал хэвийн, нарийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж байна.

Эрэгтэйчүүд /10км/:
- О.Золбаяр - 30:03.07/+3:23.2/ - /79 тамирчин уралдсанаас 38-р байр/

- Б.Хонгор - 32:06.6/+5:26.1/ - /79 тамирчин уралдсанаас 61-р байр/

Гүйлтийн цанын төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Монголын цанатай гүйгч охид, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар хоёул 15 настай бол хөвгүүд, Б.Хонгор 16, О.Золбаяр 17 настай. Манай тамирчид Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож Олимпийн эрхээ хүртэн "Лозанн-2020" Залуучуудын өвлийн III Олимпийн наадмын цасан цагаан замд дээр мөрөө үлдээлээ.