Х.Оргил
12 сарын 12, 2017
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян хэрэгжүүлж байна. Үүний нэг нь тус дүүргийн 29 дүгээр цэцэрлэгийн багачууд байлаа.
Тус цэцэрлэгийн бүлэг бүр хог хаягдлаа ангилах хогийн савтай. Багш, ажилчид болон эцэг, эхчүүдийнхээ дунд хог хаягдлыг ангилан, ялгах тухай сургалтыг зохион байгуулж, энэ аянд нэгдэцгээж, уралдаан хүртэл зарлажээ.
Аяны талаар 29 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Энхтуяа ярихдаа “Манай багш, ажилчид хуралдаж, цэцэрлэгт маань ямар хог хаягдал ихэвчлэн гардаг, хаана ямар өнгийн хогийн савыг байрлуулбал зүгээр вэ гэдгийг ярилцсан. Ингээд ярилцахад бүлгүүдэд дахин ашиглагдахгүй буюу хар болон цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулах нь тохиромжгүй. Харин цэнхэр өнгийн савыг байрлуулах хэрэгтэй. Гал тогоонд цэвэр цаасан хог хаягдал бараг гарахгүй учраас ногоон, шар, хар өнгөтэй хогийн савыг байрлуулсан. Мөн эрхлэгч, нярав, аргазүйчийн өрөөнд ихэвчлэн цаасны хог хаягдал ихээр гардаг учраас цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулсан" гэв.
Мөн тэрбээр "Бид хүүхдийг багаас нь хог хаягдлаа ангилж сургахаас гадна дахин боловсруулах үйлдвэрүүдэд хогоо худалдсан мөнгөөрөө хуримтлал үүсгэж, хаврын тохижилтоороо цэцэрлэгийнхээ гадна талбайд дахин боловсруулах материалаар хийсэн сандал авах гэж байгаа” гэсэн юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.