Peak.mn
11 сарын 14, 2022
Өнгөрсөн долоо хоногт Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Хөдөлгөөнөө эрчимжүүлье” форумыг зохион байгуулсан юм. Тус форумд 21 аймаг, 9 дүүргийн нийт 120 гаруй төлөөлөл оролцов.
Мөн энэ үеэр Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ, Мэдрэмжтэй мэдээлье нэгдэлтэй хамтран “ЭМЭГТЭЙН ТҮҮХ” цувралыг зохион байгуулж, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүдийн манлайллын түүхийг хуваалцлаа.
Э.Саранчимэг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ-ын төлөөлөгч
2013 онд НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний Статистикийн хорооны хамтарсан нийгмийн үзүүлэлтийн томоохон түүвэр судалгаанд явах хувь тохиосон. Судалгааны хүрээнд Сэлэнгэ аймагт 76 хоног ажиллаж, нэг сумаас 25 өрхийг түүвэрлэн 15-49 насны эмэгтэйчүүдтэй ганцаарчилсан ярилцлага хийсэн юм. Энэ судалгаанаас ирэхдээ би амьдралынхаа хань, алсын зорилго хоёроо олоод ирсэн. Ингэж л унаган 40 мянгатын охин Сэлэнгийн залуутай хуримлаж, хөдөө очиж амьдрахаар болов оо.
Миний шийдвэрийг сонссон дарга минь “Чамд 3 сарын чөлөө өгье. Юу ч гэсэн гурван сард тэндээ амьдраад үз. Ажлыг чинь хадгалж байя” гэж ятгасан. Би хөдөө очиж амьдрахаар шийдсэн гэж тас гүрийхэд “Чамайг зоригтой гэдгийг мэднэ. Гэхдээ амьдралын чухал шийдвэрт ийм тэнэг зориг гаргаж болохгүй” гэж хэлж байлаа.
Удаа ч үгүй Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу нүүлээ. Парламентын сэтгүүлч хийдэг, том амбицтай байсан би суман дээр очоод хэн ч биш болов. Эрдэмбилэгийн Саранчимэг гэдэг нэр ч байхгүй. Хүмүүс намайг Банзрагчийн бэр, Ууганбаярын авгай л гэнэ. Гэлээ ч эхний гурван сард амьдрал тайван сайхан байлаа. Юунд ч яаралгүй, өдрийн хоёр хоол хийдэг гэрийн эзэгтэй байх надад амар байсан. Гэтэл гэрээс гарч нийгмийн харилцаанд ороход шүүмжлэх зүйлс тасардаггүй байв. Бүтэн жил шахуу харсан, үзсэнээ шүүмжилж явсаар эцэстээ түүндээ ядарч, стресстдэг болов.
Тэгсэн манай нөхөр нэг удаа “Чи ингэж бухимдаж байхаар өөрөө шийдэх арга зам хайвал дээргүй юу” гэдэг юм байна. Би ч тэр үед сэхээ орох шиг болж билээ. Тэрнээс хойш нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог болж, сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга, сумын үйлдвэрчний холбооны даргаар сонгогдлоо. Эцэг эхийн зөвлөлөө “Сурагчийн хөтөч” нэртэй ТББ болгон өргөжүүлснээр иргэний нийгмийн байгууллагатай салшгүй холбогдсон доо.
Үүнээс өмнө би аймаг, хотод очиж үйл ажиллагаанд оролцохдоо унаган хотынх, сэтгүүлч гэдгээ их ярьдаг байв. Харин энэ үйл явдлаас хойш ингэж ярихаа больсон. Оронд нь яагаад би Цагааннуур сумын эмэгтэй гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж болохгүй гэж? Яагаад суман дээр мэдлэгтэй, мэдээлэлтэй, цагаан царайтай хүн байж болохгүй вэ гэж асуухаар шийдсэн.
2016 онд Тогтвортой хөгжлийн боловсрол нэртэй төсөл хэрэгжиж, улсын хэмжээнд 420 сэтгүүлчийг сургасан юм. Тэр дундаас үндэсний сургагч багшаар 25 сэтгүүлчийг сонгож дадлагажуулахад би тэдний нэг болсон юм. Аймагтаа буцаж очсон даруйдаа Хөдөлмөр нийгмийн зөрчлийн гурван талт хэлэлцээрт орох боломж гарсан. Хэлэлцээрийн үеэр Тогтвортой хөгжлийн 4,5,8,11,17 гэсэн таван зорилгыг аймагтаа хэрэгжүүлэх заалт оруулах гэтэл төр, үйлдвэрчний, ажил олгогчдын төлөөлөл болсон 21 хүнтэй бүрэлдэхүүнээс тогтвортой хөгжил гэж юу болохыг мэдэх нэг ч хүн байсангүй. Амаа цангатал ярьж, тайлбарласны эцэст таван зорилгоос дөрвийг нь авч үлдсэн.
Хэлэлцээр дууссаны дараа аймгийн газрын дарга байсан нэг хүн надаас “Чи яг Цагааннуурт амьдардаг уу” гэж дөрвөн удаа асуусан. Дөрөв дэхээ асуухад нь гайхаад хартал “Тэгээд суман дээр амьдардаг юм байж яасан цагаан царайтай, ямар их юм мэддэг юм” гэж хэлсэн. Аймагт ийм газрын дарга байгаад би харамсахын зэрэгцээ өөрөө оролцох хэрэгтэй юм байна гэж гүнзгий ойлгосон доо. Үүнээс өмнө би аймаг, хотод очиж үйл ажиллагаанд оролцохдоо унаган хотынх, сэтгүүлч гэдгээ их ярьдаг байв. Харин энэ үйл явдлаас хойш ингэж ярихаа больсон. Оронд нь, яагаад би Цагааннуур сумын эмэгтэй гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж болохгүй гэж? Яагаад суман дээр мэдлэгтэй, мэдээлэлтэй, цагаан царайтай хүн байж болохгүй вэ гэж асуухаар шийдсэн.
Ингэж явсаар 2020 онд эмэгтэйчүүдийнхээ төлөөллийг хангахаар Сумын ИТХ-д нэр дэвшсэн. Сонгуулийн дүн гарсны дараа би эмэгтэйчүүдээс хамгийн өндөр санал авсандаа өөрөөрөө бахархаж байв. Харин Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээний гишүүн болсон хойноо сонгуулийн үр дүнг өөр өнцгөөс харсан. Сонгуульд нийт хоёр намаас 54 хүн нэр дэвшсэнээс би долоод жагссан. Би өмнө орсон хүмүүс дан эрчүүд байсан. Эндээс би хийсэн ажилтай хүнийг иргэд таньдаг, үнэлдэг юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс бид зөвхөн эхлүүлэх нь л хэрэгтэй юм.
Э.Цэцэгсайхан, Хэнтий аймаг дахь “Охидын түүх” ТББ-ын үүсгэн байгуулагч
2018 онд “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-аас “Өөрчлөлтийн дуу хоолой” нэртэй эмэгтэйчүүдийн үндэсний хөтөлбөрийг зарласан юм. Тухайн үед Хэнтий аймагт амьдарч байсан би чин сэтгэлийн үгээ бичин бүх материалаа бүрдүүлээд хөтөлбөрт тэнцэв. Есдүгээр сард нь сонгогдсон оролцогчид гурван өдрийн сургалтад хамрагдлаа. Олон улсын байгууллагад энэ чиглэлээр 12 жил ажилласан туршлагатай болохоор өөрийгөө эмэгтэйчүүдийн талаар сайн мэднэ л гэж боддог байв. Гэтэл сургалтад оролцоод гарч ирэхдээ охид, эмэгтэйчүүдийн талаар үнэндээ юу ч мэддэггүйгээ мэдсэн. Ажлын байрны бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалт, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо гээд маш олон асуудал эмэгтэйчүүдэд тулгамддагийг ойлгосон. Тэр дундаас Монголд жил бүр өсвөр насны 4000 орчим охин төрж, түүний 70 хувь нь өрх толгойлсон ээж болж байна гэсэн статистик миний сэтгэлийг хамгийн их эмзэглүүлсэн. Охид яагаад ийм байдалд орчхов гэж дотроо эргэцүүлж суухдаа үүний төлөө ямар нэгэн алхам хийе гэж шийдсэн.
Жилийн дотор 700 орчим сургуульд охидын клубийг үүсгэж чадсан. Хэрэв хүн аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хүсэж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж чадвал бүтэхгүй зүйл гэж байдаггүй.
Хөтөлбөрт хамрагдсаны дараа Хэнтий аймагтаа буцаж очоод 250 охидыг хамруулсан уулзалт зохион байгуулсан. Хүүхдүүдтэй нүүр тулан ярилцаж суухдаа охидын байгууллага хэрэгтэй гэдгийг улам бүр ухамсарлаж байлаа. Томчууд бид асуудал тулгарвал богино хугацаанд эвлэлдэн нэгдэж чаддаг. Гэтэл хүүхдүүд ингэж чадахгүй шүү дээ. Тиймээс томчуудын дэмжлэг тэдэнд хэрэгтэй. Улмаар би Хэнтий аймгийн бүх сумдаар явж охидын клубуудыг байгуулсан.
Үүний дараа Боловсролын яаманд хандаж, хамтран ажиллах санал тавихад дэмжих боломжгүй ээ гэдэг хариу ирүүлсэн. Тэгвэл аймгуудтай нэг бүрчлэн уулзъя гэж шийдээд шаргуу ажилласан. Жилийн дараа гэхэд Монгол орон даяар 700 орчим сургуульд охидын клубийг үүсгэж чадсан юм даа. Хэрэв хүн аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хүсэж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж чадвал бүтэхгүй зүйл гэж байдаггүй.
Өнөөдөр Эмэгтэйчүүдийн манлайллын сургалтад сууж байгаа та бүхэн хоорондоо танилцаж, бие биеэсээ урам зориг авч байгаатай адил манай охид ч гэсэн клубээсээ ийм урам зоригийг авдаг. Тиймээс би та бүхнийг сумандаа, аймагтаа, дүүрэгтээ очоод манай клубийн охидтой уулзаасай гэж хүсэж байна. Эндээс сурсан, мэдсэн зүйлээ тэдэнтэй хуваалцаарай. Бидэн шиг 40 нас хүрсэн хойноо эмэгтэйчүүдийн эрхийн тухай сонсоосой гэж хүсэхгүй байна. Багаасаа энэ тухай ойлголттой болж, хүчирхэг эмэгтэйчүүд болж төлөвшихөд бидний оруулж чадах хувь нэмэр чухал гэдгийг онцолж хэлмээр байна.
Б.Оюунбаяр, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч
Би 2012 онд Архангай аймгаас Эрдэнэт хотод шилжин ирж байлаа. Ирээд удаагүй байхдаа төрийн албанд шалгалт өгч тэнцээд багийн зохион байгуулагч болсон юм. 100 гаруй мянган хүн амтай Орхон аймагт ийм байдлаар ажиллавал насаараа дэмжлэг авахгүй, бага цалинтай ажиллах нь гэдгийг нэг их удалгүй ойлгосон.
Зургаан сар ажилласны дараа багийн даргад нэр дэвшихээр болоход нэг бол ажлаа хий, эсвэл нэр дэвш гэдэг сонголт тулгасан. Би өөрийнхөө хаана явааг мэдмээр байна гэж хэлээд өргөдлөө өгч, сонгуульд нэр дэвшихэд багийн 500 гаруй сонгогчийн 380-ынх нь саналыг авсан.
Зохион байгуулагч байхдаа тулж ажилладаг байсан ахмадууд, эмэгтэйчүүд намайг энэ ажлыг хийж чадна гэж итгээд саналаа өгсөн. Багийн засаг дарга болсныхоо дараа МАН-д элсэж, үүргийн даргын албыг хашиж эхэлсэн.
Хэдхэн жилийн өмнө Эрдэнэтэд ирж, таних ч хүнгүй байсан би өнгөрсөн хугацаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, одоо хамгийн хүнд салбар гэгддэг Хот тохижуулах газрын даргаар ажиллаж байна.
2016 оны сонгууль болоход багийн ахмад “Орхон аймаг эдийн засаг өндөртэй ч эрчүүд давамгайлсан улс төртэй. Тиймээс чи эмэгтэйчүүдийг төлөөлж улс төрд ор” хэмээн итгэл үзүүлсэн. Би найз Төгсөөгөө нэр дэвшээч гэж санал тавьснаар би аймгийн ИТХ-д, Төгсөө сумын ИТХ-д нэр дэвшлээ. Үнэнийг хэлэхэд, ИТХ-д сонгогдох маш хэцүү байсан. Гэхдээ үүрийн хурлын 80 хувь нь эмэгтэйчүүд байсан учраас би анхан шатнаас өндөр саналтай гарч ирсэн. МАН 33 төлөөлөгчөөс эмэгтэйчүүдэд гуравхан квот өгөхөд нэгийг нь би, нөгөө нь Төгсөө авч чадсан юм. Ингэж аймгийн болон сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах боломж нээгдсэн. Улмаар засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагчаас авхуулаад дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг үүсгэж, сайн ч ажилласан. Тийм ч учраас 2020 онд сонгуульд хоёул дахиж сонгогдсон болов уу.
Намайг улс төрд өлгийдөж авсан хүмүүс бол Орхон аймгийн эмэгтэйчүүд гэж боддог юм. Чин сэтгэл, зовлон жаргал бүхнээ хуваалцахад эмэгтэйчүүд эмэгтэй хүнээ дэмжихэд үргэлж бэлэн байдаг. Хэдхэн жилийн өмнө Эрдэнэтэд ирж, таних ч хүнгүй байсан би өнгөрсөн хугацаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, одоо хамгийн хүнд салбар гэгддэг Хот тохижуулах газрын даргаар ажиллаж байна. Эмэгтэйчүүд улс төрд ороход бэлэн байдгийг би өөрийнхөө туршлагаас ойлгож авсан. Эмэгтэйчүүдээр багаа бүрдүүлээрэй, бид улс төрд улам олуулаа болох учиртай.
С.Ахмарал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХ-ын төлөөлөгч
Аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг байсан би анхандаа улс төрийн үйл ажиллагаанаас хол, дэмждэг намдаа багахан хандив өгөхөөс хэтэрдэггүй байв. Тэгтэл 2017 онд Ардчилсан нам сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулж эхэлсэн. Өлгий сумын АН-ын намаас “Бид хоёр дэд даргатай. Нэг дэд даргаараа эмэгтэй хүн томилох саналтай байна” гээд надад санал тавьдаг юм байна. Нам, улс төрийн үйл ажиллагааны ямар ч туршлагагүй байсан би дотроо айдастай, юу гэхээ мэдэхгүй байв. Гэтэл тэнд байсан хүмүүс алгаа ташиж намайг дэмжихэд нь “Миний мэдэх зүйл хомс. Гэсэн ч та бүхнийхээ итгэлийг хүлээсэн болохоор ажиллаад үзье” гэж хэлээд Өлгий сумын АН-ын намын дэд даргаар томилогдож байлаа. Ингэж л би улс төрд хөл тавьсан.
Хүн хэдий өөрийгөө бэлтгэлгүй, мэдэхгүй, чадахгүй гэж бодож байсан ч гэр бүл нь дэмжээд, туслаад ирэхээр сэтгэлзүйн хувьд бэлтгэгддэг юм билээ. Гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөж, тэднийхээ дэмжлэгийг авч чадвал эмэгтэйчүүд юуг ч даван туулж, хийж чадах юм байна гэдгийг ойлгосон.
Удалгүй 2020 оны сонгууль ирлээ. Тэр үед эмэгтэйчүүдийн квот гарч ирсэн шүү дээ. Өлгий сумаа төлөөлөөд дэд дарга хийж байгаа юм чинь АН-аас сонгуульд нэр дэвшүүлнэ гэхэд нь гэр бүлийнхэнтэйгээ ярилцъя гэсэн. Гэртээ ирээд хэлтэл ээж аав хоёр маань бүрэн дэмжсэн. Ингээд манай намаас Өлгий суманд гурав, аймагт нэг хүн нэр дэвшихээр болж, дөрвүүлээ сонгуулийн сурталчилгаанд гарлаа. Айлуудаар явж байхад аав маань надаас түрүүлж очоод, нутгийн улстай уулзчихсан байдаг байв. Зарим нь бүр “Энэ бүсгүйг таньж байна. Сая аав нь ирээд явсан” гэж хэлнэ. Тэр үед би маш их урамшсан. Аав ээж хоёр маань ингэж намайг дэмжиж байхад би итгэлийг нь алдах учиргүй гэж бодсон. Гурван долоо хоногийн турш сонгогчидтойгоо уулзаж, айл өрхүүдийн аж байдалтай ч сайн танилцаад сонгогдох хэрэгтэй гэсэн бодол маань улам батажсан.
Сонгуулийн өдөр ирлээ. Айж байна гэж жигтэйхэн. Надтай хамт нэр дэвшсэн хүмүүс бүгд өмнө нь сонгуульд өрсөлдөөд үзчихсэн, өөрсдийнхөө рейтингийг ч гадарлахтайгаа болчихсон байв. Гэтэл би тэр дунд юу болж байгааг ч бүрэн дүүрэн ойлгох сөхөөгүй, сандарсаар арай гэж сонгуулийн өдрийн ард гарсан. Санал хураалт сургууль дээр болсон юм. Тэгээд нэг хартал ээж маань баярлачихсан гүйгээд явж байгааг хараад өөрийгөө сонгогдсон юм байна гэж мэдсэн.
Удаагүй ч дуудлага ирж, манайд хүмүүс ирчихлээ гэдэг юм байна. Уг нь манай казах түмэн аливаад их бэлтгэлтэй ханддаг. Айл гэрт зочин ирэхээр болбол идээ шүүсээ урьдчилж бэлддэг. Харин би сонгогдоно гэдэгтээ итгэл муутай байсан тул ямар ч бэлтгэл байгаагүй. Ингээд л би чинь сонгуулиа мартчихсан нэг мэдэхэд супермаркетаас чихэр жимс цуглуулаад явж байсан. (инээв)
Хүн хэдий өөрийгөө бэлтгэлгүй, мэдэхгүй, чадахгүй гэж бодож байсан ч гэр бүл нь дэмжээд, туслаад ирэхээр сэтгэлзүйн хувьд бэлтгэгддэг юм билээ. Ялахдаа гол нь биш. Гагцхүү гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөж, тэднийхээ дэмжлэгийг авч чадвал эмэгтэйчүүд юуг ч даван туулж, хийж чадах юм байна гэдгийг ойлгосон. 2020 оны сонгуулиар Өлгий сумын ИТХ-д 32 төлөөлөгч сонгогдсоноос намайг оролцуулаад гурван эмэгтэй л гарсан.
манлайлагчид шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо эмэгтэйчүүд
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.