Тогтохбаярын Ариунзаяа
10 сарын 22, 2024
"Алжаалаа тайлж байна, тааруулаад л уудаг” гэж архи согтууруулах ундаа хэрэглэсээр яваандаа архины хамааралтай болж байна. Иймээс “Би яадгаа алдчихаагүй” гэж үгүйсгэж, цаг алдалгүйгээр мэргэжлийн байгууллагад хандаж, эмчлүүлэх шаардлагатай” гэж Аддиктологийн төвийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболор зөвлөж байна. Бид энэ удаа архинд донтох эмгэгийн талаар ярилцлаа.
Архинд донтох нь сэтгэцийн өвчин
Ажлын ядаргаа, стрессийг заавал архи ууж тайлах албагүй. Ямар нэг тэмдэглэлт өдрөөр ч архи хэрэглэх шаардлагагүй. Түүний оронд спортоор хичээллэх, гэр бүлдээ цаг гаргах, хайртай дотно хүмүүстэйгээ хамт байх зэрэг сонголтуудыг хийх хэрэгтэй.
Харамсалтай нь сүүлийн үед ажил хамт олон, найз нөхдийн архидалт нэмэгдэж байна. “Баасан гараг юм чинь гарах уу, хэдүүлээ энэ долоо хоног ачаалалтай ажилласан юм чинь хамт олноороо жаахан сууцгаая, найзуудаараа удаан уулзсангүй, стрессээ тайлцгаая” гээд л баасан гараг болгон архи согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс олон болсон.
Энэ давтамж нэмэгдсээр архи, согтууруулах ундаанаас бие, сэтгэлийн хараат байдалд ордог. Нэг ёсондоо сэтгэцийн эмгэгтэй болж байна гэсэн үг л дээ.
Өвчний олон улсын өвчний ангилалд архинд донтох эмгэгийг албан ёсоор сэтгэцийн өвчин гэж тодорхойлсон байдаг. 1993 оноос өмнө үүнийг өвчин гэж ойлгодоггүй учраас архи, согтууруулах ундааны хамааралтай хүнийг “Архичин” гэж ад шоо үздэг байсан шүү дээ. Өнөөдөр бол өөрчлөгдөж, өвчин гэдгийг хүлээн зөвшөөрч эмчилдэг болчихлоо.
Архи уудаг хүнийг л архины хамааралтай гэхгүй. Монгол Улсын хуульд хоёр процент болон түүнээс дээш хэмжээний алкохол агуулсан зүйлийг архи согтууруулах ундаанд тооцдог. Тэгэхээр айраг хүртэл согтууруулах ундааны нэг төрөлд багтдаг гэдгийг хүмүүс мэддэггүй.
Бичлэг үзэх:
Уусны маргааш архиар шараар тайлдаг юм биш биз?
ОХУ-д архины эмгэг өвчнийг эрт үе, дунд үе, төгсгөл үе гэж ангилдаг.
Эхлээд ямар нэг шалтгаанаар архи уух хүсэл төрнө, уух шалтгаанаа сэдэж олохдоо гаргуун. Баяр ёслол, уулзалт цуглаанаар өндөр градустай согтууруулах ундааг түлхүү сонгож хэрэглэнэ. Согтчихоод уйлна, дуулна, үглэнэ, агсам тавина гээд л сөрөг зан чанарын эмгэгүүд гарч эхэлнэ.
Өвчний дунд үед орсон бол архи уусны маргааш шартаж удаан хэвтэнэ. Яг ийм үедээ архи согтууруулах ундаагаар шараа тайлж байвал архины хамаарлын дунд үед орчихсон байна гэсэн үг.
Харин өвчний төгсгөл үедээ архи даахаа больж эхэлдэг. Ганц хоёр хундага архи уугаад “тасардаг” болдог. Тэр хэрээр биеэ авч явах байдал, өөрийгөө үнэлэх, бусдыг хайрлах хүндлэх зэрэг хүнд байх ёстой сайн сайхан чанаруудаа гээж, ааш зан нь хувирч, харгис хэрцгий болж хувирна. Үүнийг хүмүүс “Цаадах чинь архины цагаан солио тусчхаж”гэж хэлдэг шүү дээ.
Ийм хүнд шатанд орсон буюу архины хамааралтай болчихсон хэр нь гэр бүлийнхэн нь туслах гэхээр “Би тийм яадгаа алдчихсан архичин биш, бусдын л адил уудаг” гэж өөрсдийгөө өмөөрдөг.
Өөрийгөө илэрхийлэх чадвар муутай хүмүүс архитай “найзалдаг” уу?
Архинд донтох эмгэгт нөлөөлдөг маш олон хүчин зүйлс бий. Тэдний нэг нь нийгмийн хүчин зүйл буюу гэр бүлийн орчин, ажлын байр, найз нөхдийн хүрээлэл юм.
Эрчүүдийн 70 орчим хувь нь найз нөхдийн нөлөөллөөс болж архинд донтдог. Харин эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь гэр бүлийн хүн буюу хамтран амьдрагч нь уудаг тохиолдолд архины хамааралтай болох өндөр магадлалтай.
Зан чанарын хувьд өөрийгөө илэрхийлэх чадвар сул, хаалттай, дотогшоогоо хүмүүс архинд донтох эмгэгт өртөх нь элбэг. Ийм хүмүүсийг манайхан хөөргөөд “Зоригоо чангалаад ганц татчих” гэдэг шүү дээ. Иймэрхүү зан чанартай хүмүүс согтож хөлчүүрхэхээрээ ааш зангийн хувьд илүү нээлттэй болдог. Учир нь согтууруулах ундаа уураг тархинд хуурамч таатай, тааламжтай байдал үүсгэдэг.
Архины хамааралтай эсэхээ мэдэх энгийн арга
Архины хамаарлын зэргийг тодорхойлох, архи хэтрүүлэн хэрэглэдэг эсэхээ мэдэх энгийн дөрвөн асуулт бий. Тэдгээр асуултууд нь,
Эдгээр асуултуудад дөрвөн удаа тийм гэж хариулбал архинд донтох эмгэгтэй болсон, гурван асуултад тийм гэж хариулбал өвчний урьдал үедээ орсон, нэгээс хоёр асуултад тийм гэж хариулсан бол архи хэтрүүлэн хэрэглэгч байж болзошгүй гэж тодорхойлдог.
Хэрвээ та 3-4 асуултад тийм гэж хариулсан бол мэргэжлийн байгууллагад буюу СЭМҮТ-ийн Донтолт судлалын клиник, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Аддиктологийн төв, сэтгэц аддиктологийн кабинетад хандах хэрэгтэй болжээ.
Архичин биш, өвчтөн гэдэг нүдээр харж, хүнлэг энэрэнгүй хандаж эмчилдэг
Сэтгэл заслын үйлчилгээ, эмийн эмчилгээг хослуулж байж архинд донтох эмгэгийг эмчилдэг. Мэдээж эдгэхэд хугацаа шаардлагатай. Өнөөдөр архи уугаад маргааш архинд донтох эмгэгтэй болчихгүй шиг, өнөөдөр эмчилгээ хийлгээд маргааш эрүүл саруул, архины хамааралгүй болчихно гэж байхгүй.
Архинд донтоход хэдий хэр хугацаа зарцуулсан түүнтэй адил хугацаа зарцуулж байж, эргээд хэвийн болж эдгэдэг. Дунджаар гурван сар эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж, хоёр жил сэргээн засах үйлчилгээ хийлгэх хугацаа орно.
Би 26 жилийн өмнө дөнгөж ажилд орж байсан юм. Тэр үед нэг залуу архины эмгэгтэй болчихсон, хордлогын хүнд шинж тэмдэгтэй ирсэн л дээ. Өвчтөний эмчилгээний бүх үе шат дээр нь тулж ажиллаад, амжилттайгаар донтолтоос нь ангижруулж байлаа. Энэ мэт донтолтоос салсан олон жишээ бий.
Өнөөдөр тэр залуу маань хоёр хүүхдийн эцэг болчихсон яваа. Одоо ч надтай холбоотой байж, “Та намайг гудамжны архичин гэж харалгүй, хүн ёсоор хүлээж авч, намайг ойлгож эмчлээгүй бол би өдий зэрэгтэй амьдарч чадахгүй байсан шүү дээ байсан шүү дээ” гэдэг.
Бид хүүхдийнхээ шүд өвдлөө гэхэд шүдний эмнэлэгт дагуулж очоод эмчлүүлдэг. Яг түүн шиг архины хамааралтай болчихсон хүнийг өвчтөн гэдэг нүдээр харж, заавал эмчилгээ хийлгэж, эмчлүүлэх шаардлагатай байдгийг архины хамааралтай хүмүүсийн гэр бүлийг ойлгоосой гэж хүсдэг.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.57.92.135] ・ 14 өдрийн өмнө Хариулах
Мааш Гашуун үнэн ! Худлаа саймширч мөрөөрөө амьдарах гээд явж байсан нэгнээ дуудан хоролдог ! Би ч бас тэгдэг байсан новш гэж . Одоо бол үгүй !