БНСУ-ын Гадаад иргэн, харьяатын газар, ГХЯ-наас СOVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар тус улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сөүл дэх Дипломат төлөөлөгчийн газруудад мэдээлжээ. 

Тус улсад манай 48 гаруй мянган иргэн оршин сууж буй. Нөхцөл байдал улам хүндэрч байгаатай холбогдуулан БНСУ гадаадын иргэдэд чиглэсэн тодорхой зохицуулалт бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна. 

Тухайлбал,

1. Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд сайн дураар нутаг буцах өршөөлийн хугацаа болох 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш эрүүл мэндийн байгууллагын тусгаарлалтад орж нутаг буцаж чадаагүй бол эдгээр иргэдэд эмнэлгийн нотлох бичгийг үндэслэн өршөөлд хамруулна.

2. Хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэд хуулийн байгууллагад баривчлагдах, саатуулагдахаас болгоомжилж эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйгээс коронавирусийн халдвар тараах эрсдэл өндөр байна. 

БНСУ-ын “Гадаадын иргэн, харьяатын тухай хууль”-ийн дагуу БНСУ-д хууль бусаар оршин сууж буй визийн зөрчилтэй гадаадын иргэд эрүүл мэндийн төв, эмнэлэгт хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа визийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй болно.

3. БНСУ-ын Гадаад иргэн, харьяатын газар гадаадын иргэд коронавирусын халдвар авсан тохиолдолд холбогдох мэдээллийг ЭСЯ-нд нь өгнө. Эрүүл мэндийн олон улсын дүрмийн 40-р заалт болон дотоодын холбогдох хуулийн дагуу коронавирусын халдвар авсан гадаадын иргэдийн эмчилгээний зардлыг БНСУ хариуцана.

- ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464

- Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд Пусан дах Консулын газарт хандана уу. Утас: (051)465-9996, 010-4966-7103

- Гэрээт ажилчид Сөүл дэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандана уу. Утас: (02) 2266-9229, (02) 2278-8030



Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам