Хэвлэл мэдээллийн байгууллагын эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүний эрх, жендэрийн чиглэлээр сэтгүүлчдийн клубийг байгуулах уулзалт өчигдөр /07.08/ цахимаар боллоо. 

Өнгөрсөн жилийн сүүлээр хэвлэл мэдээлэл, жендэрийн шинжээчид “Сэтгүүл зүйн ба нийгмийн хэвлэл мэдээллийн бодлогын жендэрийн мэдрэмж”-д үнэлгээ хийсэн аж. Тус үнэлгээний санал асуулгад эрхлэгч, ерөнхий редакторууд сэтгүүлчдээ жендэр болон жендэрт суурилсан хүчирхийллийн сэдвээр мэргэшүүлэх, давтан сургах, редакцдаа баримтлах дүрэм журамтай байх шаардлагатайг онцолсон. 

Тиймээс, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн санаачилга, Жендэрийн үндэсний хорооны дэмжлэгтэйгээр клубийг байгуулсан аж. Хоёр байгууллага нь гурван жилийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд клубийн гишүүдийг дэмжин ажиллахаар боллоо. 

Энэ талаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр онцлохдоо,

 “Энэ сэдвээр туршлага солилцох, мэдлэгээ дээшлүүлэх талбарыг бүрдүүлэх зорилгоор клубийн үйл ажиллагааг дэмжиж байна. Улмаар жендэр, жендэрт суурилсан хүчирхийллийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд редакцуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж тогтвортой хамтран ажиллах зөвлөмж бодит ажил хэрэг болно гэдэгт итгэж байна” гэв. 

Цахим уулзалтад хүний эрх, жендэрийн асуудлыг сурвалжилж байсан туршлагатай, цаашид мэргэших хүсэлтэй 10 гаруй сэтгүүлчид оролцож, сайн дурын үндсэн дээр клубийн гишүүн болно гэдгээ илэрхийлэв. Тухайлбал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ийгл ньюс телевиз, Live телевиз, Стар телевиз, Ikon.mn сайт, Gogo.mn сайт, Peak.mn сайт, Urug.mn сайт болон Архангай медиа групп гэх мэт байгууллагуудын сэтгүүлчид оролцлоо. Мөн клуб нь үйл ажиллагааг дэмжин гишүүнээр элсэх сонирхолтой сэтгүүлчдэд нээлттэй юм.

Чөлөөт сэтгүүлч Б.Халиун хэлэхдээ,

“Хүний эрх, жендэрийн асуудал бол маш том судлагдахуун. Энэ тухай мэдлэгийг ерөнхий боловсрол, их сургуульд хангалттай сайн авч чаддаггүй. Тиймээс ажиллаж байхдаа дахин суралцах нь зайлшгүй юм. Эдийн засаг, эрүүл мэнд, уул  уурхай гэх мэт салбар бүрийн асуудлыг сэтгүүлчид олон нийтэд хүргэхдээ  хүний эрх, жендэрийн мэдлэгтэй, мэдрэмжтэй байгаасай гэж боддог. Харамсалтай нь өнөөдөр тийм биш. Санаатай болон санамсаргүй байдлаар хүний нэр төрд халдах тохиолдол байна” гэлээ. 

2015-2020 онд Хэвлэл мэдээллийн зөвлөлд 383 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд үүний 30 гаруй хувь нь ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголт, хандлагыг дэвэргэсэн, хохирогчийг хамгаалаагүй, хувийн нууцад хүндэтгэлтэй хандаагүй, хүүхдийн эрхийг хэвлэл мэдээлэлд зөрчсөн зэрэг ёс зүйн алдаа гаргасан гэх гомдол байв.

Peak.mn сайтын эрхлэгч Ц.Цэрэндолгор санал солилцохдоо

“Жендэрийн асуудал гэхээр эмэгтэй сэтгүүлчид бичдэг, эсвэл сайн дураараа сурвалжлах нь одоо ч байсаар байна. Иймд албан ёсоор сэтгүүлчдийн клуб байгуулах нь ач холбогдолтой гэж үзэж байна. Учир нь энэ сэдвийг бид нар яриад байгаа атлаа сайн мэддэггүй. Мөн жендэрийн тухай ярилцлага, сурвалжилгыг ач холбогдол багатай ч үнэлэх нь бий. Гэсэн хэдий ч хандалт, уншилт маш сайн байдаг. Уншигчийн сонирхдог сэдвүүдийн нэг шүү дээ” гэв.

Клубийн үйл ажиллагаа нь сэтгүүлчдийг мэргэшүүлэх, харилцан туршлага солилцох, бүтээлийн тэтгэлэг олгох, сэтгүүл зүйн бүтээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх, олон талын эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг нээж өгнө гэдгийг санаачлагчид тодотгож байлаа.