Л.Дэлгэрмаа
05 сарын 04, 2022
2021 оны байдлаар Дэлхийн эдийн засгийн форумын “Жендэрийн ялгаатай байдлын тайлан”-д дурдсанаар Монгол Улс жендэрийн ялгаатай байдлын индексийн үзүүлэлтээр дэлхийн 156 орноос 69 дүгээрт орсон1 нь 2019 оны үзүүлэлтээс 10 байраар урагшилсан билээ.
Гэсэн хэдий ч жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотын шаардлага бүрэн хангагдахгүй байгааг байх ёстой зүйл мэтээр ойлгож, хуулийг хэрэгжүүлэхгүй өдийг хүрсэн нь нь төрийн удирдах албан тушаалтнуудын жендэрийн мэдлэг, ойлголт сул, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг саяхан гарсан ХЭҮК-ийн 21 дахь илтгэл батлан харуулж байна.
Ялангуяа хөвгүүдийн боловсрол хөсөр хаягдсаар байгааг олон тоо баримт батална.
2021 онд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк хамтран “Алсын хараа 2050: Боловсролын салбарт эрх тэгш байдал, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх нь” тайланг гаргаж боловсролын хүртээмж, эрх тэгш байдал, засаглалд дүн шинжилгээ хийжээ.
Энэхүү тайланд “Жендэрийн тэгш бус байдал дунд боловсролоос эхэлж боловсролын түвшин ахих тусам нэмэгдэж байна” гэж дурджээ. 2009 оны судалгаанд дүгнэснээр ядуу, малчин айл өрхийн хөвгүүд дунд боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал байгааг дурджээ.
Тухайлбал 8-15 насны, сургууль завсардсан нийт хүүхдийн 60 орчим хувийг ядуу, малчин айлын хөвгүүд эзэлж байна гэсэн дүгнэлт төдийлөн өөрчлөгдөөгүй хэвээр байгаа юм. Мөн 2020 оны Үндэсний статистикийн хорооны боловсролын салбарын танилцуулгад дурдсанаар 6-14 насны хөвгүүдийн сургууль завсардалтад амьдралын гачигдал болон өвчлөл голлох хүчин зүйл болдог ажээ.
Эдгээр судалгаа, статистик, дүн шинжилгээний мөрөөр эрэгтэй суралцагчдын сургууль завсардалтыг бууруулах, ахисан түвшний боловсрол эзэмшихийг дэмжих зорилтот бодлого, хөтөлбөр тодорхойгүй хэвээр байна.
КОВИД-19 цар тахал үргэлжлэх хоёр жилийн хугацаанд хүүхдийн сургууль завсардаж болзошгүй эрсдэлтэй суралцагчдын 78 хувь нь эрэгтэй, 22 хувь нь эмэгтэй суралцагчид байгаа нь суурь нөхцөлийг сайжруулах төдийгүй тодорхой арга хэмжээ авах шаардлагатайг илэрхийлж байна.
Энэхүү боловсролын зөрүүтэй байдал нь гэр бүлийн бүтэц, түүнчлэн гэмт хэрэгт холбогдогчдын хувь хэмжээнд дам нөлөөлөх хүчин зүйлийн нэг байх магадлалтай учир эрэгтэй суралцагчдыг сургууль завсардуулахгүй байх, бүх шатны боловсрол эзэмшихэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болжээ.
Боловсролын байгууллагуудын үлгэрчилсэн дүрэм, журамд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай заалтууд тусгагдсан хэдий ч боловсролын байгууллагууд дээр дүрэм, журмын хэрэгжилт хангалтгүй байна.
Нийт боловсролын салбарт ажиллагсдын 78 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байх ба үүнээс 62.6 хувь нь дээд боловсролын салбарт ажиллагсад байна.
Тэдний гүйцэтгэх үүрэг, хариуцлага, салбарын хөгжилд оруулж буй хувь нэмэр өндөр байгаа боловч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байна. Шийдвэр гаргах эрх мэдэлд ялангуяа удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага, харин гүйцэтгэх албан тушаалд тэд зонхилон ажиллаж байна.
Боловсролын салбрын ажиллагсад, ялангуяа сургуулийн өмнөх боловсролын байгууллага, бага, дунд сургуулийн багш нар, их, дээд, мэргэжлийн сургуулийн суралцагчдын хүйсийн харьцаа, жендэрт суурилсан дарамт зэрэг асуудал тулгамдсаар байтал оновчтой, шаардлагатай тохиолдолд тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар идэвх санаачилга дутмаг байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд Соёл, боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгаа гэсэн заалтыг хуульчилсан байх боловч тухайн хуулийн зохицуулалт нь зөвхөн боловсролын салбарт хамааралтай байх тул Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд соёлын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааг хангах асуудлыг хуульчлах шаардлагатай юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.