КFC сүлжээ рестораны Зайсан дахь салбараар 2 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд үйлчлүүлсэн зарим хүн хордлого авсан талаар өмнө нь бид мэдээлсэн.

Энэ дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус салбар дахь хордлогын шалтгаан, бусад салбарт хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.

НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш "Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан КFC-д гарсан хоолны хордлогын эцсийн дүн гарлаа. Үүнтэй холбоотойгоор шалгалтын дүн, авсан арга хэмжээг танилцуулж байна.

Нийслэлд KFC-ийн сүлжээ нийт 12 газар үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын баталсан төлөвлөгөөт бус удирдамжийн дагуу хордлого гарснаас бусад 11 салбарт хяналт, шалгалт хийсэн. 

Шалгалтаар хэд хэдэн зөрчил илрүүлж, арга хэмжээ авсан. Тухайлбал, зарим салбарт ашиглаж буй ундааны концентраци хугацаа дууссан, нийт 410 хүн эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстойгоос хамрагдаагүй хүмүүс байсан. Энэ мэт 64 зөрчил илрүүлсэн. 

Дөрвөн салбар дээр нь зөрчлийн хэрэг нээж, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зөрчлийг нь үндэслээд тухайн салбарууд дээр 4 сая төгрөгийн торгууль ногдуулсан. 7 салбарт улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг, даалгавар өгч, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.

Мөн хоолны хордлого гарсан Зайсан KFC-д авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дурдахад:

  1. Прокурорын тогтоолоор тус салбарын үйл ажиллагааг бүхэлд нь түр хугацаагаар зогсоосон.
  2. Зөрчлийн тухай хуулийн 6.14.4, 6.15.3.1, 6.15.5.1, 6.15.2 дахь заалтуудыг үндэслэн нийт 14 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан. 
  3. 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж авсан.
  4. Үйлчлүүлж, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн бодит хохирол буюу эм, эмнэлгийн зардалд одоогийн байдлаар нийт 49 сая 407 мянган төгрөгийг нөхөн төлөх арга хэмжээ авсан.
  5. Сэжиг бүхий 18 нэр төрлийн 5960 ширхэг, 31.1 кг амталсан болон амтлаагүй тахианй мах, бэлэн болоьсруулсан бүтээгдэхүүнийг хурааж, устгуулсан. 
  6. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, хүчингүй дэвтэр ашиглан ажиллаж байсан бүх ажилчдыг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн давтан шинжилгээнд хамруулсан. Энэ шинжилгээгээр ямар нэгэн нян тээгч өвчтэй хүн илрээгүй. 
  7. Зайсан KFC-ийн усан хангамжийг нийлүүлэгч CCES MGL компанийн гүнийн худгийн үйл ажиллагааг шалгасан. Ингэхэд зохих зөвшөөрөлгүйгээр гүний худаг ашиглаж ус түгээж байсныг тогтоосон. Үүнд зөрчлийн хэрэг нээж, 5 сая төгрөгийн торгох шийтгэл, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан. Үйл ажиллагааг нь түр зогсоосон" гэдгийг мэдэгдлээ.

Шинжилгээний дүнгүүд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр эцэслэн гарсан. 

Дүгнэлт нь "Нэг эх уурхайтай шигеллез спх-ээр үүсгэгдсэн хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт болох нь өвчтөнүүдэд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторын шинжилгээ, хохирогчоос авсан мэдүүлгээр тогтоогдож байна" гэв.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.