Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр KFC сүлжээ рестораны талаар МХГ-аас гарсан шинжилгээний хариуг танилцуулжээ.

Шинжилгээний хариугаар 2 ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичгийг хуурамчаар хийж бичүүлсэн нь илэрчээ. Эдгээр ажилтнуудад хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Мөн бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактери илэрсэн байна. Баттай бус эх сурвалжийн мэдээгээр уснаас ч бас өвчин үүсгэгч бактери илэрсэн сурагтай. Одоогоор ХӨСҮТ-д 40 орчим хүн KFC-ийн бүтээгдэхүүнд хордон эмчлүүлж байна.

Цусан суулга гэж ямар өвчин бэ?

Цусан суулга нь Шигеллийн(Shigella) төрлийн нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. Цусан суулга өвчний үүсгэгч Shigella-ийн дөрвөн  өөр зүйл байдаг.

Халдварын үүсгэгч нь: сүү, ээдэм, зайрмаг, махан хоол, ногоо жимсэнд их үрждэг. Гадаад орчинд өвчтэй хүн, нян тээгчийн өтгөнөөр ялгаран тархаж, хөрс, эд юмс, ус, хоол хүнсийг бохирдуулж, ихэвчлэн ахуй хавьтлын замаар хүнээс хүнд халдварладаг. Мөн нянгаар  бохирлогдсон хоол хүнс, ус хэрэглэх үед  халдварлана. Халдварын эх уурхай нь шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүн, нян тээгч байна.

Халдвар авсан хүнд 1-2 хоногийн дараа халуурах, бөөлжих, цус, залхагтай олон удаа суулгах, гэдэс базлах шинж тэмдгээр илэрдэг. Архаг өвчингүй, дархлаа хэвийн бол 5-7 хоногийн хугацаанд эдгэрдэг. Халдвар авсан зарим хүмүүст ямар ч шинж тэмдэггүй байж болно. Гэвч бусдад халдварыг дамжуулдаг. Цусан суулга өвчний тархалтыг гараа савандаж угаах, ариун цэвэр, эрүүл ахуйн бусад арга хэмжээ авснаар зогсоож болно.

Цусан суулга өвчин халдварлалт өндөртэй, жишээлбэл бохирдсон гараа амандаа хүргэх, хоол хүнсэнд хүрэх үед халдвар авах боломжтой. Маш бага (10-100) тооны нян залгихад халдварыг үүсгэдэг ба өвчин эхэлсэнээс хойшхи гурван долоо хоног халдвар тараах боломжтой байдаг. Ихэвчлэн 2-4 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг. Бага насны хүүхдэд  хордлого ихтэй, шингэнээ амархан алдах, бүдүүн гэдэсний шарх үүсэх зэрэг  хүндрэл  үүсдэг.