УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэж байна. /Ерөнхийлөгчийн хоригийг ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу/

Нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Би харамсаж байна. Маш удаан хугацаанд олон хүний хүч хөдөлмөрөөр үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ажил явж байгаад энд хүрээд зогсож байх шиг байна. Үүнд манай намын хэсэг нөхөд сөрөг хүчинтэй хуйвалдаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг энд хүрээд оршуулахаар төлөвлөсөн гэж би ойлгож байгаа. 

Би нэг хүнд маш их харамсаж байна. Өнгөрсөн зургадугаар сараас хойш бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тасралтгүй суусан. Бүр хоёр жилийн өмнөөс энэ ажил эхэлсэн. Зургадугаар сард Үндсэн хуулийг хэлэлцэж эхлэхэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байнга зөвлөгөө өгч, МАН-ын бүлэг Ц.Нямдорж сайдын хэлсэн болгоноор шийдвэр гаргасан. Бүлгийн шийдвэрээ ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэйгөө зөвшилцөж явахгүй бол болдоггүй баримт бичиг шүү залуучуудаа гэж бидэнд хэлсэн. Улмаар бид Ерөнхийлөгч, АН-ын зөвлөлөөс саналыг нь авъя гэдэг шийдэлд хүрсэн. Зөвшилцөх комисст Ц.Нямдорж сайд орж ажиллаж, зөвшилцсөн гэдгээ өөрөө танилцуулсан.

Төд удалгүй Ц.Нямдорж сайд өөрөө "Энэ зөвшилцлийг хүлээж авахгүй" гэдэг саналыг Бүлгийн хурал дээр гаргаад, өөрийнхөө талд шийдүүлсэн. Одоо болохоор Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах шаардлагагүй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэсэн агуулгаар асуудалд хандаж буйд туйлын харамсаж байна. 

Үндсэн хуулийн энэ өөрчлөлт засаглалыг тогтвортой байлгах, өрийг дур зоргоороо нэмэгдүүлэхгүй байх, шүүх эрх мэдлийг улс төрөөс салгах, хараат бус болгох, Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хязгаарлах гэх зэрэг 27 жилийн хугацаанд бидний алдаа, оноонд дүн шинжилгээ хийсэн 34 зүйл заалт байсан. 

Энэ өөрчлөлтийг эсэргүүцэж буй хүмүүс "Супермаркетаас ч илүүг хүссэн юмсан" гэдэг номыг уншаарай. Монголын ард түмэн "Супермаркетаас ч илүүг хүссэн" юм шүү" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Ерөнхийлөгчийн уг хоригийг МАН-ын бүлэг өчигдөр хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх хоригийг хүлээж авах нь зүйтэй гэдэг шийдвэрийг олонхын саналаар гаргаад буй.

Ерөнхийлөгчийн УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан тус хоригийг хүлээж авах эсэхийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.