Х.Алтантуяа: Баллаж, сохоллоо гэж хүүхдээ битгий загна, дэвтэр бол сурагчийг хөгжүүлэх талбар юм

Үсэг, тоогоо дөнгөж үзээд, бичиж сурах гэж хичээж буй хүүхдийг “Гоё бич” гэж шаардах нь буруу юм. Харин хүүхдийг өөрийнх хурдаар бага багаар дасгаж аливаа зүйлд сургах нь үр дүнтэй байдаг.

Peak.mn сайт бага ангийн хүүхдийн гэрийн даалгаврыг хийлгэхдээ эцэг эхчүүдийн гаргадаг алдаа, засаж сайжруулах үр дүнтэй аргуудын талаар “Төгсдэлгэрэх” дунд сургуулийн бага ангийн багш Х.Алтантуяатай ярилцлаа.


БИЧЛЭГ ҮЗЭХ: 


ДЭВТЭРИЙГ НЬ ЧӨЛӨӨТЭЙ АШИГЛУУЛ

“Тэдний хүүхэд уншиж, бичиж сурсан байна. Бусад нь болоод байхад чи яагаад чаддаггүй юм” гэж хэн нэгэнтэй хүүхдээ харьцуулдаг эцэг эхчүүд бий. Нөгөө талаас эхнээс нь л гоё бичүүлнэ, хичээлийг нь хийлгэнэ гээд олон цагаар суулгаж хүүхдээ хашраадаг хүмүүс ч байна. Багшийн хүний хувьд би энэ аргыг эцэг эхчүүдэд зөвлөдөггүй. 

Дэвтэр бол сурагчийн хөгжих ёстой ажлын талбар. Гэвч эцэг эхчүүд үүнийг ойлгодоггүй. Зарим ээж “Манай хүүхэд баллаж, сохолж дэвтрээ завааруулаад байна” гэдэг. Гэхдээ тэр хамаагүй! Дэвтэр дээрээ зориуд муухай зуръя, баллаж сохолъё гэж бодож хичээлээ хийдэг хүүхэд байхгүй шүү дээ. Бүгд л гоё хийнэ гэж хичээдэг. Багш нь ч гэсэн гоё хийлгэе л гэж боддог. 

Хүүхэд алдаж болно. Заваан хийж болно. Баллаж болно. Сохолж болно. Ямар ч алдаагүй, цэвэр цэмцгэр хийнэ гэвэл чөлөөтэй байж чадахгүй баригдчихна. 

Иймд хүүхэд юу чаддаг вэ гэдгээ чөлөөтэй хийж, өөрийнхөөрөө байх ёстой. Тэрнээс ноорог дээр хийгээд дахиад хуулна гэхээр хүүхдэд яршигтай санагддаг.  

Тиймээс залуу эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхэд зөв техникээр л бичиж байвал муухай бичих сонин биш. Учир нь хүүхдэд өөрт тухтай гарын барилт гэж бий. Өөрт эвтэйхнээр үзгээ барьж байвал л хүүхэд бичиж сурдаг. 

ХҮҮХДЭДЭЭ ХАЙРТАЙ Л БОЛ БИЕИЙГ НЬ ДААЛГАЖ СУРГАХ ХЭРЭГТЭЙ

Бага ангийн хүүхдийг эртнээс биеийг нь даалгаж сургах чухал. Таны хүүхэд сургуулийн сурагч болсон л бол цэцэрлэг шиг ангид нь оруулж өгч, гутал, хувцсыг тайлж өгөөд байх шаардлага байхгүй. Зарим ээж аавууд үүдний жижүүрийг загнаад зогсож байгаа харагддаг. “Би орох ёстой, миний хүүхэд ангиа олохгүй” гээд л. Гэхдээ нэг зүйлийг ойлгох ёстой. Таны хүүхэд бусдаас онцгой төрөөгүй. Зөвхөн ээж аавдаа л онцгой. Харин бусдад бол жирийн л хүүхэд. Тиймээс хүүхдэдээ хайртай л бол бие даалгаж сурах хэрэгтэй. Сургуулийн ёс журмыг хүндэлж, биелүүлэх хэрэгтэй. 

Хичээлд ирэхээс нь өмнө хүүхдэдээ  гутлаа арчиж орох, дэвтэр номоо цүнхэлж, бүртгэх зэргийг нь зааж, хэлж өгч болно. Ингэснээр бага багаар өөрөөр нь аливааг хийлгэж сургаж, биеэ даахад тусалж байна гэсэн үг юм. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.