Хүний эрхийн мэдлэггүй багш хүүхдийг дарамтанд оруулдаг

Х.Оргил
05 сарын 13, 2019

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байгаа билээ.

Энэ нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д өргөн барьсан 18 илтгэлээс анх удаа УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн тохиолдол  болох юм. 

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-д хэд хэдэн томоохон илтгэлүүд багтжээ. 

Тухайлбал сургуулийн өмнөх боловсролын салбарт хүний эрхийн боловсролын үр нөлөөтэй ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд цэцэрлэгийн багш нар хүний эрхийн ойлголтоо нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан үйл ажиллагаа төлөвлөх шаардлагатай байгааг тус илтгэлд онцолжээ.

Тохиолдол 1: ...Аймгийн...  сумын  цэцэрлэгийн  дунд  бүлэгт  суралцдаг  3  настай  хүү  ангидаа халуун  цайгаа асгаснаас  болж  багш  нь түүнийг  “хажуудах  хүүхдээ түлэх  шахлаа, сахилгагүй,  гайтай  хүүхэд, өөр ангид өгдөг ч болоосой” хэмээн загнажээ. Эмээ нь хүүг цэцэрлэгээс авах гэж иртэл хүү  айдаст  автсан,  гэмшсэн байдалтай байжээ. Улмаар  эцэг эхийн хурал дээр хүү цай  асгасан талаар яригдаж, “танай хүү угаас сахилгагүй, хүмүүжилгүй, та нар хүүхдээ байнга өмөөрдөг, танай хүүхэд цай асгасан нь миний буруу биш, та нар хэлдэг газар хэлээрэй” гэх мэтээр багш, эцэг эх,хүүхдийн хоорондын зөрчил болон гүнзгийржээ. Хэдийгээр халуун цайнд хүүхэд түлэгдээгүй боловч ангийн багш нь тухайн хүүг ад шоо үзэн муухай харилцаж байгаа нь хүүгийн гэр бүлд дарамттай төдийгүй хүүхэд дахин цэцэрлэгтээ явах сонирхолгүй болсон байна. Энэ асуудлаар цэцэрлэгийн  эрхлэгчид гомдол гаргасан боловч  өргөдлийн хариуг өгөхгүй удаж, шийдвэрлэхгүй байна. /2018/

Ерөнхий боловсролын сургуульд ч мөн багш нар хүний эрхийн мэдлэггүйгээс болж хүүхдийг хүнд хэцүү байдалд оруулдаг талаарх гомдол тасардаггүй байна. Энэ шалтгаанаас болж өсвөр насны хүүхдүүд сургуулийн анги танхимд бие махбодийн шийтгэл, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтөд өртсөөр байгааг доорх хэдхэн жишээ бэлхэн батална. Энэ бол ил гарсан жишээнүүд. Цаана нь мэдээлээгүй олон баримт бий. 

Тохиолдол 2: Хэнтий аймгийн “Бор өндөр” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн суралцагч Б багшдаа цохиулсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн ба элэг нь бяцарч, идээлсэн гэх оноштойгоор тус төвд хагалгаанд орсон. Суралцагч Б нь хичээлд хоцорч ирсэн, тамхи  татсан  гэх  шалтгаар багш нь толгой руу нь цохиход манай хүүхэд толгойгоо хамгаалсан, энэ үед нь доороос нь элэгдэхэд хүүхдийн маань элэг бяцарсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. /2019/

Тохиолдол 3: ХХААХҮЯ-ны захиалсан судалгааны ажлын хүрээнд ... дүгээр сургуулийн захирал зохих газраас зөвшөөрөл авалгүй "Монгол хүүхдийн биеийн хэмжээний стандарт боловсруулах төсөл"-ийн судалгааны багийг сургуульд нэвтрүүлэн эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр 46 хүүхдийг нэг дор нүцгэлэн зургийг нь авч үе тэнгийнхэн болон бусад хүүхдийн өмнө айж ичих эвгүй байдалд оруулжээ. /2018 /

Энэ мэт зөрчлүүд нь багш нарыг багш нарт хүний эрхийн мэдээлэл мэдлэг дутуу байгааг харуулдаг. Сурагчдад ч бас энэ талын мэдлэг тааруухан. Гадны улс орнуудад заавал үзэх ёстой хичээлийн нэг "Хүний эрх" гэсэн бие даасан судлагдахуун ордоггүй. Хүүхдийн эрх зүй сэдвийн хүрээнд үзэх төдий л өнгөрдөг байна. Тиймээс зарим хүүхдүүд өөрийгөө зодож шийтгүүлэхийг  зөв зүйл гэж хүлээн зөвшөөрсөн болохыг Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс, Гүүд Нейборс  Монгол төлөөлөгчийн газар хамтран явуулсан “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгаа баталсан юм.

Хүүхдүүд “буруу хэрэг хийсэн тохиолдолд намайг зодож шийтгэх нь зөв”, “…манай ээж, багш чимхдэг. Бага ангид их зодуулдаг байсан. Буруу юм хийхээр зодуулах нь зөв. Үгэнд ороогүй, гэрийн ажил хийхгүй бол зодуулдаг”, “хэрвээ буруу зүйл хийсэн бол сардаа ч юм уу жилдээ зодуулах нь буруу биш хэмээн зодуулах шийтгэлийг хүлээн зөвшөөрчээ. 

Шуудхан хэлэхэд хүн болж төлөвших насандаа л хүчирхийллийн аргыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Хүчирхийллийг ийм бага насандаа хүлээн зөвшөөрсөн хүн ирээдүйд ямар хүн болж төлөвших нь тодорхой. Зодууллаа гээд муу юм байхгүй гэж ээж аавын үеийнхэн хэлдэг. Үнэхээр ч хүнд хэцүү амьдралыг туулсан ч сайн яваа хүн олон. Нэг хэсэг нь өөрсдийн туулсан зовлон бэрхшээлийг өөрийн үр хүүхдэдээ амсуулахгүй гэж мэрийж байхад нөгөө хэсэг нь хүссэн хүсээгүй хүчирхийллийн аргыг сонгодог.

Судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын найм нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийллийн дарамтад байдаг гэж хариулжээ. Мөн хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигддөг талаар судлахад 15.6 хувь нь гэр бүлийн орчинд, 36.2 хувь нь сургуулийн орчинд, 53.8 хувь нь гудамж талбайд гэж хариулсан нь бодит байдлыг харуулна.

Тиймээс ХЭҮК-оос сурагчдын хувийн нууцыг хамгаалах, эрхийг нь хүндэтгэх, энэ чиглэлээр багш нарыг чадавхжуулах, аян өрнүүлэхийг зөвлөсөн байна.

Анзаарсан бол хамгийн аюулгүй гэж итгэж найддаг сургуулийн орчинд хүүхдийн эрхийн цөөнгүй зөрчил үйлдэгддэг байгаа биз?. 

Таны хүүхэд ч гэсэн ийм шалтгаанаар шаналж яваа биш биз? 

Сургуулийн орчинд гардаг хүчирхийллийн хэлбэр

-Чанга дуугаар загнаж, хараах 

-Үгийн бус хэлбэрээр доромжлох, дарамтад оруулах 

-Нэр хоч өгч, гутаан доромжлох 

-Бусдын өмнө ичээж, эвгүй байдалд оруулах 

-Тэнэг, юм ойлгодоггүй, сурах чадваргүй гэж олны өмнө хэлэх 

-Царай зүс, бие бялдарын хувьд ялгах 

-Хөдөөний, гэр хорооллын гэдгээр ялган харилцах 

-Хэл яриа, аялга, үндэстэн угсаатны хувьд ялгах, ичээх 

-Бусдын өмнөөс буруутгаж, шийтгэх

-Хийж гүйцэтгэсэн даалгавар, оролцоог шударга бусаар үнэлэх

-Хичээлийн хэрэгсэл, дэвтэр, хувцас хунарыг урах, тасдах, эвдэх гэх мэт


Холбоотой сэдвүүд

багш хүнийэрх

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.