Жил бүрийн 5 дугаар сарын 1-нд тохиодог олон улсын “Хөдөлмөрчдийн баяр”-ын өдрийг Хятад улс бүх нийтээр амарч, аялал зугаалгаар явж  өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.
Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас саяхан болж өнгөрсөн Хөдөлмөрчдийн баярын үеийн аялал жуулчлалын статистик мэдээллийг танилцууллаа.
Статистик дүнгээс харахад, Хятадын дотоодын аялагчдын тоо 140 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Улмаар дотоодын аялал жуулчлалын нийт орлогын хэмжээ 87.1 тэрбум юаньд хүрч 10.2 хувиар өссөн байна.
Тэгвэл аялагчдын хамгийн ихээр зорин очсон төлбөрт газруудад Шанхай-н “Дисней” парк, Бээжин хотын Хааны ордон, Э Мэй шань уул, Хуан Шань уул, Хонгконгийн “Диснэй лэнд”, Японы Универсал студио, Макао-гийн Шинь И зэрэг газрууд багтжээ. Харин төлбөргүйгээр үзэх боломжтой газруудад Ханжоу-н Баруун нуур, Шанхай хотын үзэсгэлэнт далайн эрэг, Бээжингийн Ши Чахай үзэсгэлэнт газар, Сямэнь-ий Гү Ланю арал, Нанжин-ий Жун Шаньлин бунхан, Чөнду хотын эртний гудамж, Хунань мужийн Фөн хуан эртний хот, Хайнан мужийн Сан Я хот, Юньнан мужийн Дали эртний хот зэрэг газрууд шалгарсан байна.


Амралтын үеэр Хятадын дотоодын аялал эрс нэмэгдэж, аялал жуулчлалын компаниудын ачаалал ихэсдэг учир нь гадаад улс орнууд руу аялахыг илүүд үздэг Хятад иргэд багагүй болоод байна. Амралтын үеэр хамгийн олон хүн аяласан гадаад улс орнуудын жагсаалтад Тайланд, Япон, Сингапур, Вьетнам, АНУ, Индонези, Малайз, Камбож, БНСУ, Филиппин, Австрали, Итали, Испани, Франц, Турк зэрэг улс багтсан байна.