Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь газар зүйн байршил, соёл, шашин шүтлэг, нийгэм, эдийн засгийн байдлаас үл хамааран бүхий л хүрээг хамарсан хүний эрхийн тулгамдсан асуудал юм. Хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох эрхээ бүрэн эдэлж чадахгүй байх, түүнчлэн нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зарим тохиолдолд амь насаа алдахад хүрдэг. 

Хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байруудыг байгуулах, хүчирхийлэлд өртөгсдөд зөвлөгөө өгөх тусламжийн утасны үйлчилгээг нэвтрүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамж, хамгаалал, хууль зүйн дэмжлэг үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвийг аймаг, орон нутагт үе шаттай байгуулж байгаа ч үр нөлөө хэрэгжилтийн байдлыг хүний эрхийн үүднээс тодорхойлох шаардлагатай юм.

Ялангуяа алслагдсан бүс нутгийн малчин эмэгтэйчүүд, тэдний гэр бүл, хамт олны эрүүл мэнд, аж байдалд сөргөөр нөлөөлж буй энэхүү эмзэг асуудал болон хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг судлах хэрэгцээ шаардлага байна. Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 05 дугаар сарын 08-16-ны өдрүүдэд Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж, малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж байна.

Малчин эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцах, судалгаа авах, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага, статистик, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, эрүүл мэндийн байгууллага, аймаг, сумдын Засаг дарга нар, Хамтарсан баг, иргэний нийгмийн байгууллагууд, өмгөөлөгч зэрэг холбогдох төлөөллөөс мэдээлэл цуглуулах, үйл ажиллагаатай танилцах замаар энэхүү дүн шинжилгээг хийнэ. Уг ажлыг НҮБ-ын Хүн амын сан дэмжиж хамтран ажиллаж байна.