“Гоо” органик гоо сайхныг үйлдвэрлэгч “Бурханлиг гоо сайхан” компанийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч, залуу бизнес эрхлэгч эмэгтэй М.Гонгорсүрэн буюу Гоог “Peak Today”-н зочноор урилаа. Тэрбээр дөнгөж 20 настайдаа бизнесээ эхлүүлж, өдгөө компани нь дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Хэвлэл мэдээлэлд харагдаад байдаггүй түүний үзэл бодол, хувь хүнтэй танилцахыг их эрмэлзсээр төв дэлгүүрийг нь зорьсон юм.


-Гоо брэндийг үүсгэн байгуулсан шалтгаан юу байв, та энэ чиглэлийн мэргэжилтэй хүн үү?

-Эх орны хөрсөнд ургасан ургамал жимсийг ашиглан 2014 оноос хойш 100% органик, гоо сайхны болон дотроос эрүүлжүүлэгч 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хийхэд түлхэц болсон олон зүйлийн нэг бол үе тэнгийн залуус маань монгол ахуй, соёл, зан заншилд хүндэтгэлгүй хандаж, үл ойшоох асуудал. Монгол гэсэн болгоныг гаднынхтай харьцуулна, гоочилно, муулна гээд л үргэлжилнэ. Тэр үед шүүмжилж суухаас илүү хүсэж байгаа зүйлээ өөрсдөө хийх нь зүйтэй гэдгийг ойлгосон. 

Ажлаа эхэлсэн тэр үед хөл хүнд болж таарав аа. Бүсгүйчүүдэд тулгардаг язралт, үс уналт гэх мэт асуудал тулгарч эхэлсэн. Гадаадын сайн гэсэн болгоныг хэрэглэж үзсэн ч нэг их үр дүн өгөөгүй. Тэгээд монгол бүсгүйчүүд эрт үеэс эдгээр асуудлаа хэрхэн шийдэж ирсэн тухай, бас уламжлалт анагаах ухааныг судалж эхэлсэн дээ. Манай анхны бүтээгдэхүүн язралтын эсрэг биеийн гуужуулагч, хонины сүүлтэй биеийн тос гээд жирэмсэн эхчүүдэд илүү зориулагдсан. 

Бүтээгдэхүүнээ гаргаад удаагүй Монголд үндэсний гоо сайхны сүлжээ дэлгүүр байдаггүйг олж харсан, тав алхаад л Солонгос, Япон гоо сайхны дэлгүүр. Ингээд үндэсний анхны гоо сайхны сүлжээ дэлгүүрийг нээсэн. Одоо манайх есөн салбар дэлгүүр ажиллуулж, олон улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна.

-Сэтгүүлчээс органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болсон талаараа ярихгүй юу?

-Сэтгүүлч гэдэг агуу мэргэжил, нэг нийтлэл, сурвалжилга бичих гэж л хэдэн сарын судалгаа, эрэл хайгуул хийнэ. Гоо сайхны бүтээгдэхүүн ч мөн адил нэг бүтээгдэхүүн гарах гэж олон сар жилийн туршилт давах хэрэг гарна. Уламжлалт анагаах ухаан, тэр дундаа эм зүйчээр сурч эхэлсэн нь илүү дэм тус болсон.

-Тань шиг дуртай, сонирхсон зүйлээ ганц шийдээд л хийчихдэг хүн бас ховор. Мэргэжлээрээ дөрвөн жил сурсандаа баригдах нь бий. Та тэдэнд зориулж зөвлөгөө өгөөч?

-Ямар ч ажлыг эхлүүлж, үргэлжлүүлэхэд сэдэл маш чухал. Хийх гэж байгаа зүйлийн чинь зорилго, алсын хараа ариун байвал, юу ч бодолгүй зүгээр давших хэрэгтэй юм шиг. Сэтгэлд чинь багтаад байгаа бол чадна аа л гэсэн үг. 

-Та хэвлэлд ярилцлага өгдөггүй, их нууцлагдмал хүн шиг санагдсан?

-Мэддэг, чаддаг бүхнээ бусадтай хуваалцаж бага ч болтугай туслахаас төвөгшөөдөггүй. Гэхдээ юм болгонд дуугарч, олны өмнө байх дургүй хүн л дээ. Олон нийтийн хүн шиг санагдаад байдаг юм. /инээв/

-Эх хүн, оюутан, бизнес эрхлэгч юм байна шүү дээ, та. Ажил амжуулах арга барил гэж бий юу?

-Онгод орно гэдэг шиг мэдрэмжээ дагачихдаг. Миний ажил байнга бүтдэг, ногоон гэрэл асаачихсан юм шиг, их хачин. Эргэн тойрныхон маань ч гайхдаг, “Саяхан яриад явсан биз дээ, бүтчихсэн юм уу” гээд л. Хэн хүний зорилго, сэдэл нь зөв байвал бурхан ивээдэг юм болов уу. Ажлын төлөвлөгөөгөө бол долоо хоногоор гаргадаг. 

-Бизнес эрхэлж байгаа болохоор цаг зав ховор байдаг байх. Гэхдээ цаг зав гаргахаас хэзээ ч харамладаггүй зүйл гэж байдаг уу. Тэр нь юу вэ?

-Найзууд. II, III ангиасаа нөхөрлөсөн сайхан найзууд надад бий, одоо бүгд сайхан залуучууд, бүсгүйчүүд болсон. Заримдаа ажлаа хийж байж л гэгэлзээд “Тэр минь, энэ минь юу хийж байгаа бол” гэж бодно. Найзуудтайгаа уулзаж хамт байхад эрч хүч авч, стресс тайлагддаг. Хүн хүндээ өгч чадах хамгийн сайхан зүйл бол дурсамж. Хамтдаа өнгөрөөсөн жаргалтай дурсамжаасаа эргээд эрч хүч авах гайхалтай. Хүмүүс “Урьдын ерөөлөөр бид хоёр учирч дээ” гэж ярьдаг тийм ээ. Тэр л дурсамж, энергиэр дараа төрөлдөө эргэн учирч, таталцаж, нөхөрлөдөг болохоор найз гэдэг бол маш эрхэм хүн. 

-Та хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг уу?

-Би их гоё арьстай, гоё үстэй./инээв/ Гоо брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн надад бас бусдад аз жаргал өгдөг. Бусдыг аз жаргалтай болгох нь миний ажлын хамгийн сайхан нь, үүнд л хамгийн сэтгэл хангалуун байдаг. Манайхаар нэг удаа үйлчлүүлсэн хүн дараагийн удаа найз нөхөд, гэр бүлийнхнээ дагуулж ирээд худалдааны зөвлөхөөс ч илүү нөгөө хүндээ тайлбарлаж, сурталчилдаг шүү. 

-Гоо брэндийн дэлгүүрүүдэд уран зураг их харагддаг. Таны сонирхол уу?

-Хүн дэлгүүрт ороод зөвхөн бүтээгдэхүүн худалдаж авах бус гоо сайхны таашаал авах учиртай. Тэр ч үүднээс Монголын урдаа барьдаг контемпорари болон реалист чиглэлийн зураачдын бүтээлийн эх хувиар дэлгүүрүүдээ чимдэг. Ганц хараад л энэ “Гоо” байна даа гэж мэдрүүлэхээр өнгө төрх, үнэ цэнэ бий болгохыг хичээж байна. Би дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй, утга учиртай юм бүхэнд дуртай.

-Жинхэнэ, эх хувь уран зураг хүчтэй энерги, түүх агуулж байдаг. Та энерги байдагт итгэдэг үү?

-Итгэлгүй яах вэ. Бидний хийж байгаа бүх бүтээгдэхүүн амьд. Гар аргаар үйлдвэрлэхдээ хэрэглэгчид маань эрүүлжээсэй, арьс нь гэрэлтээсэй гэсэн чин сэтгэлээ шингээдэг. Тэгснээр бүтээгдэхүүн маань амилж, тэр энергиэр дамжин сайн үр дүн үзүүлдэг. 

-Өрсөлдөөн Монголд их байна уу?

-Би саяхан Өмнөд Солонгос улсад болсон үзэсгэлэнд оролцлоо. Тэндээс сонсоход Солонгосын нэг дүүрэгт гоо сайхны 300 гаруй үйлдвэрлэгч байдаг. Гэхдээ тэд нар талцахаас илүү хүчээ нэгтгэж, Солонгосын нэрийг дэлхийд гаргах нэгдмэл зорилготой. Монголд ажиглах нь ээ аль ч салбарт хүмүүс нь хааш, хаашаагаа гэдийдэг юм шиг. 

-Та мөнгө, эрх мэдлээр баян байлаа гэж бодъё. Үхэхээ мэдвэл юу хийж бүтээх вэ?

-Таван жил, 10 жил, хэдэн өдөр байна уу хамаагүй. Хүн хорвоог орхисон ч ардаа хийсэн бүтээснээ үлдээж, түүгээрээ мөнх амьдрах хэрэгтэй. Яруу найрагч Р.Чойномыг шүлгүүдийг би багаасаа одоог хүртэл сонсдог, улаан фэн нь гэх юм уу. "Чойномын гэрээслэл” гээд баримтат киног үзэх болгондоо уйлдаг. /инээв/ Тэр агуу хүний сүүдэр хорвоог орхисон ч тэр хүн мөнх амьтай байгаа биз дээ. Үүний адилаар миний хийсэн бүтээсэн зүйл ариун байж, бусдад урам өгч үлдээсэй гэж хүсдэг. 

-Залуучуудад хандаж хэлмээр зүйл байдаг уу?

-Сүүлийн үед хүмүүс ганц л амьдрах юм чинь хүссэнээрээ амьдарна гэж улайрдаг болсон юм шиг. Хүний хүсэл барагдахгүй, гэхдээ тэр олон хүсэл нь бүгд ариун, гэгээлэг, зөв байгаасай. Үйлийг үрийг үл тоож, буруу зөрүү хүслээ биелүүлбэл дараа төрлийнхөө зовлонгийн үүдийг нээсэн хэрэг. Хүний сүнсэн бие буюу намш үүрд амьдарч, биеийг хувцас шиг сольсоор олон мянган жил амьдардаг. Тэгэхээр ганц амьдрах хорвоо биш байгаа биз. 

-Гоо брэндийн үндсэн өнгө их гоё, та энэ хоёр өнгийг яаж сонгосон бэ?

-Донжийг нь тааруулбал бүх л өнгө гоё. Би 20 настайдаа бизнесээ эхлүүлсэн. Залуу хүн болохоор аливааг гэгээлгээр харж энэ хоёр өнгийг сонгосон байх. Цэнхэр, ягаан өнгө эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшин гээд ямар ч хүнийг татаж чаддаг. 

-Та аль мэргэжилдээ илүү дуртай вэ, бас аль нь илүү амар вэ?

-Би аль алинд нь үнэхээр дуртай. Компанийнхаа бүх маркетинг, зөвлөгөө бүртэй холбоотой бичвэрүүдийг би өөрөө бичдэг. Удахгүй бид нийгмийн хариуцлагын хүрээнд Монголдоо ажиллаж, сайхан амьдрах боломжтойг залууст ойлгуулж, уриалах зорилготой уран сайхны нэвтрүүлэг хийж байна. Тэгэхээр сэтгүүл зүйн төрөл зүйлүүд ажилтай минь уялдсаар л байгаа. 

Миний бодлоор амар ажил гэж байдаггүй. Хамгийн амар, сайхан санагддаг ажил ч асуудал ихтэй. Хүн дуртай зүйлээ сайн хийвэл амжилт гаргадаг гэж их ярьдаг. Миний бодлоор хэчнээн дургүй байсан ч хичээж, сэтгэлээ зориулбал тэр ажилдаа дуртай болоод амжилт гаргах боломжтой. 

-Анхны санхүүжилт нь хэдэн төгрөг байв. 20 насандаа бизнес эхлүүлэхэд асуудал олон биз дээ?

-Америкаас анх Монголд байдаггүй ч гоо сайхны бүтээгдэхүүнд зайлшгүй хэрэгтэй кокосын тос, шеа самрын тос гээд зарим түүхий эдээ 350 доллараар авч, эхэлсэн. Тэр үед ашиг, эрсдлийг огт тооцолгүйгээр шууд эхлүүлсэн. Олон эмэгтэй гоо сайхнаа үргэлж хадгалаасан гэсэн чин хүсэл л байлаа. Би мөнгийг нэг их үгүйсгэдэггүй, гэхдээ тахин шүтдэггүй. Бодсон, төлөвлөсөн, зорьсноо биелүүлэх ажлын багаж хэрэгсэл юм уу даа.

-2014 оноос хойш үйл ажиллагаа эрхлээд эргээд харахад юунд хамгийн их бахархдаг вэ?

-Гоо брэнд гээд би л яриад байгаагаас биш, миний ард олон мундаг зөвлөх эрдэмтэн, стандартын дагуу хийж гүйцэтгэдэг үйлдвэрийн эрхэм ажилчид, бэлэн болсон бүтээгдэхүүнийг амилуулдаг дизайнерууд, сав баглаа боодол хариуцсан үндэсний үйлдвэрүүд, есөн дэлгүүрээр дамжуулж чин сэтгэлээсээ тайлбарладаг худалдааны зөвлөх охид, бүтээгдэхүүнээрээ үйлчилдэг мэргэжлийн гоо сайханчид, урлагийнхан гээд маш олон хүнээр бахархаж, бас хайрладаг. 

-Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.