Шинэ коронавируст халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Тавдугаар сарын 27-нд нийт 517 хүнд шинжилгээ хийлээ. 504-т нь коронавирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 352 хүн, тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй

Харин өчигдөр 13 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 170 хүн ирсэн. Тэдэнд давтан шинжилгээ хийхэд нэг оюутнаас коронавирус илэрлээ. Мөн тавдугаар сарын 27-нд Алтанбулаг боомтоор 340 хүн орж ирсэн. Тэдэнд шинжилгээ хийхэд 12-оос нь коронавирус илэрсэн, 10 нь оюутан байна.

Улмаар өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 161 боллоо. 43 нь эдгэрсэн. 118 нь эмчлэгдэж буйгаас 107-ийнх нь биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. 

Өнөөдөр ХӨСҮТ-д нийт 165 хүн байна. Бид 265 хүн хүлээж авна гэж төлөвлөсөн. Гадаадад байгаа иргэдээ чартераар авч байгаа зохион байгуулалтыг маш олон байгууллага хамтарч, төлөвлөж, тоо гаргаж бэлтгэсэн. Бүх ажил уг төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа.

Өнөө өглөө 07.40 цагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 230 хүнийг галт тэргээр Улаанбаатарт авчирсан. Тэдгээрээс 21-ийг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д, бусдыг нь тусгаарлах байруудад тусгаарласан" хэмээлээ.

Мөн тэрээр "Бидэнд бас нэг сайн тал байна. Иргэд маань маш ухамсартайгаар мэдээллээ нарийн өгч байна. Мөн хамтарч ажиллах сэтгэл өндөр болсон байна. Хяналтын хоногуудад чухал мэдээллүүдийг санаачилж, бидэнд мэдэлэл, санаа өгч байна. Өвчний шинж тэмдэг илрээгүй ч өнгөрсөн хугацаанд бодсон, ойлгосон зүйлсээ бидэнд санал болгож, хамтарч ажиллаж буй нь бидний урмыг сэргээж, цаашид зөв ажиллах бүх тал дээр нэмэлт дэм болж байна. Бид төлөвлөгөөний дагуу ажиллаж, бүх зүйл хяналтад байгаа" гэдгийг хэллээ.