Монгол Улсад дээд боловсролын үндэс суурийг тавьсан МУИС-ийн түүхт 75 жилийн ойд зориулсан “Эрдэмд түүчээлсэн 75 жил” ёслол, хүндэтгэлийн хурал Төрийн ордонд боллоо.  Хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар нар болон МУИС-ийн удирпагууд, үе үеийн профессор, доктор, багш нар, төгсөгчид оролцов. Ёслол, хүндэтгэлийн хурлыг нээж МУИС-ийн ТУЗ-ийн дарга, академич Д.Рэгдэл үг хэлсэн бөгөөд МУИС-ийн ойн баярыг улс орон даяар, бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй хэмээн онцлон, боловсрол бол дэлхийн олон орны  төрийн бодлогын тэргүүлэгч чиглэл болж, аливаа улс орны хөгжил дэвшилд боловсролын байгууллагын шийдвэрлэх оролцоо улам бүр өсөн нэмэгдэж байгааг тодотгов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ёслол, хүндэтгэлийн хуралд оролцогчдод илгээлт хүргүүлснийг ЕТГ-ын дарга З.Энхболд уншиж танилцуулав. 

Илгээлтэд “МУИС бол улс орныхоо өнөөгийн хөгжил, ард түмнийхээ оюун сэтгэлгээний дэвшилд үлэмж хувь нэмэр оруулсан эрдэм номын гэгээн өргөө билээ. Энэ өргөөнд сурч боловсорсон сэхээтнүүд улс орныхоо хөгжлийн түүчээ, ард түмнийхээ оюуны хөтөч болсоор ирснийг түүх гэрчилнэ. Энэ сургуулиас аль ч үед нийгмийн өнгө төрх, дуу хоолой болсон манлайлагчид төрөн гарч, ардчиллын үйлсийг ч эндээс эхлүүлж байсныг монгол түмэн сайн мэднэ.
Их сургуульд эрдэм судлалын шударга өрсөлдөөн, бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнд суурилсан хөгжлийн бодлого нэн чухал. Монгол Улсын төрөөс дээд боловсролын талаар баримтлах үзэл баримтлалд заасны дагуу МУИС нь Азийн шилдэг 100 их сургуульд багтана гэж стратеги төлөвлөгөөндөө тусгажээ. Энэ бол тус сургуулийн ойрын зорилт гэж харж байна. Улсаараа овоглосон үндэсний хэмжээний тэргүүлэх их сургууль маань дэлхийн чансаанд тун чамлалттай үзүүлэлттэй байгаа ч энэ байдалдаа бодитой дүгнэлт хийн, дэлхийн шилдэг 100 сургуульд багтах холын зорилгод хөтлөгдөн алсын хараа, хөгжлийн бодлого боловсруулан, хэрэгжүүлэх байх гэж найдаж, ирээдүйн хөгжлийн хүрэх оргилыг би өөдрөгөөр харж байна. Энэ өөдрөг бодлыг маань бодитой болгох нөөц боломж, эрдэм мэдлэгийн чадамж МУИС-ийн хамт олонд бий гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээлээ.

Засгийн газар МУИС-ийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслол, хүндэтгэлийн хурлын нээлтэд оролцон эрдэмтэн багш, оюутнуудад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “1942 онд МУИС-ийн хичээлийн анхны хонх Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед дуугарсан нь монгол хүнд шинжлэх ухааны мэдлэг, боловсрол дэвшилд тэмүүлэх, ирээдүйгээ өөдрөгөөр харах эрхэм хүслийн илэрхийлэл болсон бөгөөд холч ухаантай өвгөдийн маань ухаалаг шийдвэрүүдийн нэг нь Монгол Улс Их сургуультай болсон явдал юм. ХХ зууны их бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн жилүүдэд МУИС нийгмийн хөгжлийн манлайд  нь байж, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны олон мянган дээд боловсролтой үндэсний сэхээтнийг бэлтгэж, шинжлэх ухааны сэтгэлгээг эргэлтгүй суурьшуулан, судалгааны суурь  ажлуудыг туурвин дэлхийд танигдаж, нийгмийн амьдралын салаа мөчир бүрт шинжлэх ухаан, технологийн дэвшлийг бодит ажил хэрэг болгосныг түүхт ойн энэ ёслолын индрээс бахархан тэмдэглэж байна.

Өнөөдөр МУИС 23 мянга гаруй оюутан,1000 орчим багш, судлаач, 500 гаруй ажилтан, ажиллагсадтай болжээ. МУИС-ийн эрдэмтэн багш нарт улам өндөр түвшний, далайцтай сургалт, судалгаа хийж эх орондоо баялаг бүтээгч байх шинэ зорилтыг дэвшүүлж байна. Тиймээс МУИС 2016 онд стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн  баталсан нь цаг үеэ олсон алхам болжээ.
УИХ 2016 онд боловсролын багц хуулийг баталж түүнийг хэрэгжүүлэх ажил 2017-2018 оны хичээлийн жилд эхлээд байгаа. “Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого”-д 2024 он гэхэд  Монгол Улсын дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтаах зорилт тавьсан бөгөөд ойрын ирээдүйд МУИС энэ зорилтыг хамгийн түрүүнд биелүүлж чадна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байгаагаа онцлон хэлье.

МУИС 75 жилийн ойгоо Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөсөн амжилтаар угтсанд Та бүхэнд халуун баяр хүргэе. МУИС-ийн эрдэмтэн багш, оюутнууд Японы Кюүшүгийн Технологийн институттэй хамтран зохион бүтээсэн энэ хиймэл дагуул монгол хүн сансрын уудамтай шууд харьцан ажиллаж байгаа баталгаа боллоо. “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээх, амжилттай хөөргөхөд Монгол Улсын Засгийн газар идэвхийлэн оролцож хөрөнгө, санхүүгээр дэмжиж ажилласнаа Та бүхэнд дуулгаж байна. Цаашид ч Монгол Улсын Засгийн газар монголчуудын оюуны түүчээ, эрдмийн ундарга МУИС-ийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэсэн юм.

Ёслол хүндэтгэлийн хуралд мөн УИХ-ын дарга М.Энхболд илтгээлт ирүүлсний УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмон уншиж танилцуулсан бөгөөд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар үндсэн илтгэлийг танилцууллаа. Түүнчлэн ОХУ-ын Их сургуулийн захирлаас МУИС-ийн 75 жилийн ойд зориулан дүрст мэндчилгээ ирүүллээ.

Тэртээ 1942 онд Дэлхийн II дайны хүнд жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгтэйгээр үндэс сууриа тавьж, анагаах ухаан, зоотехник, багш нарын гэсэн 3 факультет; математик, физик, биологи, ерөнхий хими, органик хими, мал эмнэлэг, анатоми гэсэн 7 тэнхимтэй байгуулагдан, үндсэн ангид 93, бэлтгэл ангид 53 оюутан элсүүлж, анхны хичээлээ эхэлсэн Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Улсын Университет буюу өнөөгийн Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний 23,000 гаруй оюутан суралцагч, 1,500 гаруй эрдэмтэн багш, ажилтантай эрдэм оюуны томоохон төв болжээ.
МУИС ийнхүү түүхт 75 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд Сүхбаатар ордон хүртлээ. Энэ шагнал нь ууган их сургуулийн бүрэлдэхүүнээс салбарлан, бие даан гарсан МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Ховд их сургуулиудыг ч давхар шагнаж байгаа шагнал юм гэдгийг мөн Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн юм.

Мөн ойн баяраа “МУИС-хөрөнгө оруулалт” форум зохион байгуулж, 160 гаруй хөрөнгө оруулагчид мэдээлэл хүргэн, стратегиа танилцуулан, 700 гаруй оюутан хүлээн авах хүчин чадал бүхий дэлхийн жишигт нийцсэн шинэ номын сангаа нээсэн зэрэг олон чухал үйл явдлаар тэмдэглэн өнгөрүүллээ.

МУИС