Өчигдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жинд хүрэл медалийн төлөө Б.Болортуяа Африкийн наадмын аварга Камеруны Жозеф Эмилиенне Эссомбе Тиакотой барилдаж, 14:4 харьцаагаар ялж, хүрэл медалийн эзэн болсон. 

Энэ баярт үйл явдлыг тохиолдуулан  Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, "Тайкун" группийн ерөнхий захирал П.Гансүх олимпоос медаль авсан тамирчныг урамшуулах амлалтаа биелүүлээд авлаа. Тэрбээр олимпын наадмын чөлөөт бөхийн 53 кг-д медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяагийн амжилтыг мялааж, амласан ёсоор 10 мянган ам.доллар бэлэглэв. Мөн дасгалжуулагч багш нарыг тус бүр 5 мянган ам.доллараар шагнасан байна.