Peak.mn
11 сарын 07, 2019
ЛОНДОН. /Independent /. Архаг нойрны дутагдал, нойрны эмгэгтэй байх нь сэтгэл санааны хямрал, сэтгэл түгших магадлалыг ихээхэн нэмэгдүүлдэг байна. Америкийн эрдэмтэд хийсэн судалгаандаа үндэслэн ийм дүгнэлтэд хүрчээ.
Туршилтад 18-50 насны 330 гаруй хүн оролцжээ. Эрдэмтэд оролцогчдыг өдөрт хэдэн цаг унтсанаас нь хамаарч сэтгэл зүйн байдал нь хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглажээ. Ингэхийн тулд оролцогчдыг хоёр бүлэгт хувааж, эхний бүлгийг хоёр шөнө огт нойргүй өнгөрүүлэхийг хүссэн бол хоёр дахь бүлгээс нойроо хэвийн байдлаар авахыг хүсжээ. Ингээд өглөө нь тэдэнд зориуд сонгож авсан жигшил төрүүлэхүйц хэд хэдэн бичлэгийг үзүүлсэн байна.
Үүний дараа судалгаанд оролцогчид стрессийн түвшинг тодорхойлох хэд хэдэн асуултад хариулжээ. Түүнчлэн судлаачид тархины дүрс оношилгооны аппаратын тусламжтай оролцогчдын тархины үйл ажиллагааны идэвхтэй байдлыг судалсан байна.
Нойргүй хоносон оролцогчдын тархины зарим хэсэгт хэвийн үйл ажиллагаа алдагдаж байсныг судалгааны дүн харуулжээ. Үүний зэрэгцээ нойр муутай байсан хүмүүсийн стрессийн түвшин 30 хувиар нэмэгдэхэд хүрснийг эрдэмтэд илрүүлжээ.
“Нойр дутуу байх нь түгших мэдрэмжийг нэмэгдүүлдэг бол шөнийн цагаар нойроо бүтэн авах нь стрессийг бууруулдаг болохыг бид баталлаа. Байнгын сэтгэл зовнилтой байдаг хүмүүс тогтмол нойрны асуудалтай байгаа гэдгээ мэдэгддэг хэдий ч сэтгэл түгшлийн түвшинг бууруулахын тулд сайн нойр авах хэрэгтэй гэж тэдэнд зөвлөх тохиолдол тун ховор байдаг. Бидний явуулсан судалгаа нь нойр, стрессийн түвшин хоорондын холбоо хамаарлыг тогтоогоод зогсохгүй шөнийн цагт ямар байдлаар амрах нь тархины хэт ачааллыг намдаадаг болохыг тодорхойлсон” хэмээн судалгааны ажилтнуудын нэг, Калифорнийн их сургуулийн профессор Эти Бен Саймон цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.