"Уурлах уу, учирлах уу?" булангийн энэ удаагийн зочноор “Хөх хүрээ” боловсролын хүрээлэнгийн тэргүүн П.Энхцэцэгийг урьж ярилцлаа.

Хайр гэгч зүйл хичээл зүтгэлийн үрээр бий болдог


Бид хайр гэдэг үгийг л мэдэхээс агуулгыг нь бүрэн ойлгоогүй байдаг. Тиймээс эхлээд хайр гэж чухам юу болохыг ойлгож мэдэж, дараа нь хайрлах гэдгийг өөрийн биеэр мэдрэх ёстой юм. Хайр гэдэг шууд бий болчихдог зүйл биш. Бид түүнд цаг үргэлж, суралцдаг бас бүтээдэг. Юм өөрийн гэсэн дэс дараатай. Хүн эхлээд өөрийн биеэ хайрлаж, бүтээх ёстой. Дараа нь эцэг эхээ, өвөг дээдсээ, анд нөхдөө, бусдыг бас эх дэлхийгээ, эх орноо хайрлах хайранд суралцдаг жамтай. 

Гэвч бид хамгийн чухал буюу өөрийгөө хайрлаж, бүтээх гэдэг талыг нь шууд орхидог. Хүүхдэд өөрийгөө олж, нээхэд нь биш өөрийн ертөнцөө мартаж, орхиход нь туслаад байна шүү дээ. 

Бид өөрийн дотоод руугаа биш гадагшаа хэт чиглэж юмсыг танин мэдүүлэх зорилгодоо хүрэх гээд өөрийгөө танин мэдэх гэсэн хамгийн чухал зүйлийг орхигдуулаад байна. Хүн өөрөө өөрөөсөө холдоод, өөрийгөө хайрлаагүй цагт өөр ямар нэгэн зүйлийг хайрлах хүч чадалгүй болчихдог.  


“Чи битгий амиа бодоод бай” гэдэг үгийг балчир хүүхдэдээ бүү хэлээрэй


Хүүхэд бол өөрийгөө хайрладаг ертөнц юм.  Ялангуяа 0-2 насандаа бүх ертөнцийн төвд өөрийгөө тавьж мэдэрнэ. Тэр үед нь хүүхэд төвтэй хүмүүжлээр өсгөх нь чухал.  Энэ насанд нь 

“... Чи битгий амиа бодоод бай”, “Битгий өөрийгөө л бодоод бай” зэрэг сөрөг үгсийг хэлж болохгүй. Энэ бол хүмүүжлийн зөв арга зам биш. Харин ч эсрэгээрээ тэр үед нь өөрийг нь бодсон шиг бодуулдаг байх хэрэгтэй. Ингэснээр эго нь жам ёсоороо хөгжөөд хамгийн боловсронгуй түвшинд очсон үедээ түүнээс салдаг.  Иймээс энэ цаг үед нь эцэг эх маш бодлоготойгоор анзаарах ёстой. 

Насанд хүрсэн хүмүүс эгоноосоо салаагүй байдаг шүү дээ. Хөгжих ёстой насанд нь хөгжүүлж чадаагүй болохоор салахгүй байгаа хэрэг. Тэгэхээр энэ нь нарийн арга ажиллагаа шаардагдаад байгаа биз. Гэр бүлд бол ээж хүн үүнийг хариуцдаг. 


Бичлэг үзэх:


Хүүхдэдээ “Чи хамгийн агуу хүн болно оо” гэж дандаа хэлдэг эцэг эх байгаарай


“Миний хүү хамгийн агуу хүн болно” гэж дандаа хэлээрэй гэж би эцэг эхчүүдэд зөвлөх дуртай. Хэзээ ч “Чиний тийм хийдэг гэж юу байсан юм”, “Тэр хүүхэд чамаас илүү сайн байна” гэсэн үгсийг хэлж, бусадтай харьцуулж болохгүй.  

Таны хүүхэд ямар нэгэн зүйлээр бусдаас дутуу байж болно.  Гэхдээ ямар нэгэн зүйлээрээ бусдаас заавал илүү байдаг юм шүү.


Айлын хүүхэд математик дээрээ шилдэг нь байхад таны хүүхэд математик дээрээ тааруухан дүн авч магадгүй. Гэхдээ энэ санаагаа чилээх зүйл биш ээ. Харин ч миний хүүхдэд ямар нэгэн бусдаас илүү зүйл бий,тэр агуу гайхамшигт хүч чадал, авьяас билэг нь хаана байгаа бол гэдэгт итгэж хүүхэдтэйгээ ажиллаж, хөгжүүлэх ёстой.

Түүнээс биш манай хүүхэд тааруухан сурдаг юм даа гэчхээд, “чи бусдын адил сурахгүй байна даа” гэж хүүхдийн урмыг хугалж болохгүй. Ямар ч тохиолдолд таны хүүхэд бол биеэ даасан маш хүчирхэг хувь хүн гэдгийг дандаа ойлгох хэрэгтэй. Хүн гэдэг итгэл гэдэг хүчээр амьдардаг. Буруу зэмлэж өөртөө итгэх итгэлийг нь хугална гэдэг ирээдүйд нь үзүүлж буй асар том хор хөнөөл гэдгийг марталгүй санаж хүүхэдтэйгээ харилцаарай.


Эцэг эх та хүүхдээ бусдаас илүү баян хангалуун байлгаж чадахгүй байж болно. Тийм ч том асуудал биш. Харин хүүхдийнхээ дотор нь байгаа итгэл, сэтгэл гэдэг энэ их баялгийг хэзээ ч устгаж болохгүй. Бид үүнийг л ойлгох ёстой.


Хорвоод ирсэн утга учрыг нь таниулж өгөх үүрэгтэй хүн та өөрөө...

…Бусдаас илүү хангалуун биш ч эхийн сэтгэл шингэсэн сайхан хоол хийгээд ширээ тойрч суугаад хүүхдээ мэдрээд “Миний хүүхэд яг ямар агуу гайхамшгийг бүтээхээр энэ хорвоо дээр ирсэн юм бол” гэсэн бодлоор хүүхдээ ажигч гярхай нүдээр хараарай. Бас энэ бодлыг тээж хүүхэдтэйгээ харилцаж, хөгжүүлэх хэрэгтэй.

Ингэсэн цагт нэг л өдөр таны хүүхэд ямар сор хүн болохоо бидэнд харуулна шүү дээ. Тийм л байдаг байхгүй юу.

Эцэг хүн, эх хүн, багш хүн гурав л үүнийг сэтгэл зүрхээрээ мэдэрч, ингэж ажиллах ёстой байдаг.

Эх хүний мэдрэмж, эцэг хүний зөнгөөрөө хүүхдээ хайрлах хамгийн чухал. Энэ хорвоо дээр тэр бяцхан ертөнцийг зөвхөн төрүүлээд орхих бус түүнийгээ яах гэж энэ хорвоод ирсэн утга учрыг нь таниулж өгөх үүрэгтэй хүн та гэдгээ хэзээ бүү мартаарай.