НҮБ-ын Статистикийн комисс болон Эдийн засаг, нийгмийн хэрэг эрхлэх газраас гишүүн улс, орнуудын дунд “Дэлхийн дата форум”-ыг ирэх 2026 онд тав дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.  

“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн Статистикийн хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх дээд түвшний бүлгийн 31 дэх удаагийн уулзалт 2023 оны долдугаар сарын 13-нд болж, “Дэлхийн дата форум-2026” арга хэмжээний талаар мэдэгдсэн байна. 

Статистик, өгөгдлийн шинэ санаачилгыг дэмжих хүрээнд олон улсын статистикийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хэмжих мэдээллийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү дата форумд жил бүр 20 мянга гаруй хүн оролцдог билээ.

“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн Статистикийн хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх дээд түвшний бүлгийн 31 дэх удаагийн уулзалтын үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа Статистикийн хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх дээд түвшний ажлын хэсгийн гишүүнээр улиран сонгогджээ. Үндэсний статистикийн хороо тус ажлын хэсгийн гишүүнээр 2015-2017, 2017-2019 онд сонгогдон ажиллаж байв. 

Дашрамд дурдахад, 2023 оны дөрөвдүгээр сард НҮБ-ын Дэлхийн дата өгөгдлийн 4 дэх форум өнөөдөр БНХАУ-ын Ханжөүд болсон билээ. Форум дөрвөн өдөр үргэлжилж, 6 үндсэн хуралдаан, 72 салбар форум болж, 100 гаруй улс, бүс нутгийн 1000 гаруй төлөөлөл танхимаар, мөн 8000 гаруй хүн цахимаар оролцсон юм. 

Форумын үеэр Дэлхийн алсын хараа, Хятадын ухаалаг статистик, Дижитал Жэжян, Ханжөүгийн практик, Мэдээллийн аж үйлдвэр гэсэн таван хэсэгт хуваагдсан 2000 метр квадрат үзэсгэлэн нээгдэж байв.