МУБИС, МУИС  Бээжин дэх ЮНЕСКО болон  Японы Окаяама Их Сургууль хамтран  “Азийн орнуудад багшийн уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг дэмжих нь” сэдэвт ОУЭШХ-ыг 5-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.


Тогтвортой хөгжлийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн дэлхий нийтийн боловсролын чиг хандлага болон багш бэлтгэх хөтөлбөрийн хөгжлийг дэмжих зорилготой тус хуралд ЮНЕСКО-ийн Бээжин, Банкгог дахь салбар болон Япон, Казакстан, Энэтхэг, БНХАУ, Филиппин, Малайз, Индонез, Тайланд, Монгол зэрэг 9 орны 70 гаруй эрдэмтэн оролцох юм.


Энэхүү ОУЭШХ-ыг Монгол улс хамтран зохион байгуулснаар боловсролын салбарт уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөний талаар нотолгоо цуглуулах, түншлэгч талуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, улмаар боловсролд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг улс орнуудын хэмжээнд харьцуулах, туршлага солилцох боломж бүрдэж байгааг зохион байгуулагчид нь онцолж байна.


МУБИС-ийн гадаад харилцааны албаны дарга, доктор Д.Үүриййнтуяа ярихдаа “Тогтвортой хөгжил буюу ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хязгаарлахгүйгээр өнөөгийн хэрэгцээг хангахад чиглэсэн хөгжлийг боловсролд, тэр дундаа багш бэлтгэх хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн боловсрол, мэдрэмжтэй багшийг бэлтгэн гаргах нь дэлхийн улс орнуудын багш бэлтгэх сургуулиудын өмнө тавигдаж буй чухал үүрэг.


Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2018 онд  гарсан НҮБ-ын суурь конвецийн  хэлэлцүүлгийн үеэр улс орнуудын онцгойлон анхаарах салбарын нэг нь боловсрол гэдгийг хүлээн зөвшөөрч, боловсрол болон уур амьсгалын өөрчлөлт хоорондын хамаарлыг судлах ач холбогдол нэмэгдэж буйг тодотгон авч үзсэн байдаг.

Багш бэлтгэж байгаа их дээд сургуулиуд сургалтын буюу багш бэлтгэж байгаа хөтөлбөртөө уур амьсгалын өөрчлөлтийн талаарх боловсрол, ТХБ-ын үзэл санааг суулгаж өгснөөрөө төгсөн гарсан багш нар нь энэ талаарх мэдлэг, хандлагатай болох юм. Азийн их дээд сургуулийн багш нар энэ чиглэлээр хамтран харилцан тушлага судлаж байна” гэлээ.