Тогтвортой хөгжлийн үндэсний чуулган угтсан ЭЗХЯ, Монгол дахь НҮБ, сэтгүүлчдийн уулзалт маргааш (2023.09.06) НҮБ-ын байранд болно.

Энэхүү өглөөний уулзалтыг нээж, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра үг хэлэх юм байна. ЭЗХЯ-наас Монгол Улсын ТХЗ-ыг эрчимжүүлэх үндэсний хурдасгуурын талаар мэдээлэл хүргэх бол НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулганы талаар мэдээлэх ажээ.  

Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн дунд хугацаа бодит байдлыг нягтлан харах цаг үе юм. Бид үүрэг амлалт, нэгдмэл байдал, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхгүй бол ядуурлыг эцэс болгох, тэгш бус байдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн 2030 Хөтөлбөрийн тэргүүлэх зорилтууд хэрэгжих боломжгүйд хүрнэ. 

2023 оны есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулагдах Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын Дээд хэмжээний уулзалт өнөөгийн  хөгжлийн замналыг үндсээр нь өөрчлөх  ховор боломжийг олгож байна. Иймд НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга дэлхий нийтэд хандаж, эх дэлхий, нийгмийнхээ сайн сайхны төлөө, энэхүү зорилгуудын төлөө хүн бүрийг нэгдэхийг уриалсан.

2030 он гэхэд ТХЗ-ыг хэрэгжүүлэх Үндэсний үүрэг амлалтын бэлтгэл хангахын тулд, Монгол Улсын Засгийн Газар нь Эдийн засаг, хөгжлийн яамны (ЭЗХЯ) манлайлал дор ТХЗ-ын үндэсний хурдасгууруудыг тодорхойлж, ТХЗ-ын Дээд хэмжээний уулзалтад танилцуулах Монгол Улсын Үндэсний үүрэг амлалтын төслийг боловсруулаад байна.

Уг төслийг Монгол Улс дахь НҮБ-ын дэмжлэгтэйгээр оролцогч талуудаар хэлэлцүүлж, дуу хоолойг нь сонсож байна. ЭЗХЯ нь ТХЗ-ын Дээд хэмжээний уулзалтад танилцуулах Үндэсний үүрэг амлалтыг эцэслэн батлахдаа төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагууд болон залуучууд зэрэг бүхий оролцогч талуудын санал зөвлөмжийг нэгтгэж байгаа юм.

Энэ ажлын бэлтгэл болгож Монгол Улсын шийдвэр гаргагчид, хэрэгжүүлэгчид болон бусад оролцогч талуудын төлөөллийг хамруулсан Тогтвортой Хөгжлийн Үндэсний Чуулганыг Монгол Улсын Эдийн Засаг, Хөгжлийн Яам, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газар хамтран 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөлөө. 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх хүчин зүтгэлд хувь нэмэр оруулж буй үндэсний олон компаниуд энэхүү чуулганыг дэмжин оролцож байгаа бөгөөд Тогтвортой хөгжлийн төлөөх үр дүнтэй, сайн санаачилгуудаа сурталчлан танилцуулах юм.

Мөн ТХЗ-д дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулж буй есдүгээр сарын туршид Монгол Улсын хувьд, иргэд, байгууллага, хамт олон, олон нийтийг Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд нэгдэн, оролцохыг уриалсан мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн аяныг Тогтвортой хөгжлийн Үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулна. 

Энэхүү аян нь ТХЗ-ын хэрэгжилтэд хандуулахын зэрэгцээ өнөөг хүртэл хэрэгжүүлсэн үндэсний хэмжээний сайн туршлага, санаачилгуудыг түгээн дэлгэрүүлж, цаашид хувь хүн, хамт олноороо тогтвортой хөгжлийн төлөөх үйл ажиллагаагаа нэмэгдүүлэхэд үндэсний оролцогч талуудыг уриалан дуудах зорилготой юм.

ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо

Өргөн нэвтрүүлгээс эхлээд мэдээллийн агентлагууд, радио, цахим сонин зэрэг хэвлэл мэдээлэл Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэгтэй оролцдог. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж ТХЗ-уудын талаар олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, үйлдэлд уриалахад НҮБ нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахыг эрмэлздэг.

Монгол Улс ТХЗ-ын талаар шинэчилсэн үүрэг амлалтаа энэ есдүгээр сард НҮБ-д албан ёсоор танилцуулна. Үүнтэй холбогдуулан Эдийн засаг хөгжлийн яам, Монгол дахь НҮБ хамтран хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзаж, тэдний дуу хоолойг сонсох, хамтран ажиллахыг урьж энэхүү өглөөний уулзалтыг зохион байгуулав.