БОАЖЯ, БШУЯ, ШХА хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж байгаа “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ-ЭКО СУРГУУЛЬ/ЦЭЦЭРЛЭГ ХӨТӨЛБӨР”-ийн үндэсний YI чуулган 2022 оны 03-р сарын 04-ний өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдаж байна. 

Энэхүү чуулганд нийслэл, орон нутгийн 38 эко сургууль, 62 эко цэцэрлэгийг төлөөлсөн 320 орчим багш, удирдлах ажилтан, мөн холбогдох яамд, харьяа газруудын албан хаагчид; аймаг, нийслэлийн байгаль орчин, боловсрол шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд оролцож байна. 

Чуулган “Сургуулийн өмнөх боловсрол”, “Бага дунд боловсрол” гэсэн хоёр хэсэгтэй болох бөгөөдСӨБ-ын чуулганы нээлтэд БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн (БСҮХ)-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Итгэл,  Бага, дунд боловсролын чуулганы нээлтэд БОАЖЯ-ны БОАЖЯ-ны  Цэвэр технологи, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц. Уранчимэг,Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар уригдан оролцож байна.

“Тогтвортой хөгжлийг дэмжигч-Эко сургууль/цэцэрлэг хөтөлбөр”-ийн үндэсний YI чуулган нь тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, агуулга, арга зүйг сургалт үйл ажиллагаанд нэвтрүүлэн, үр дүнтэй хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эко сургууль, цэцэрлэгийн багш, сурагч, удирдах ажилтнуудын манлайлал, оролцоог дэмжин урамшуулахын зэрэгцээ тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, цаашид үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хөтөлбөрийн ахиц, дэвшил цар хүрээг нэмэгдүүлэх зорилготой.


1992 оноос эхлэлтэй олон улсын “Эко сургууль” хөтөлбөр нь тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмшүүлэх шилдэг арга болж чадсаныг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, тухайлбал ЮНЕСКО, Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагууд хүлээн зөвшөөрч, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилт тавин хамтран ажиллаж байна. “Тогтвортой хөгжлийг дэмжигч-Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөр” нь Байгаль орчны удирдлагын ISO14001 стандартад суурилсан байдгаараа ихээхэн онцлогтой бөгөөд Дэлхийн байгаль орчны боловсролын сан дэлхийн 72 улс, орны 59000 гаруй сургуулиудад өөрийн үндэсний гишүүн байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлж байна. 

Монгол улсын хувьд Байгаль орчны мэдээлэл сургалтын төв НҮТТБ нь олон улсын “Эко сургууль/цэцэрлэг” хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж, сургалтын байгууллагыг тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн төлөө сургууль, цэцэрлэг болгон хувирган өөрчлөхийг зорьж байна. 2007 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Цөлжилтийг сааруулах” төслийн хүрээнд “Эко сургууль хөтөлбөр”-ийг баруун 5 аймгийн 60 гаруй сургуульд туршин хэрэгжүүлж эхэлсэн бол 2019 оноос цэцэрлэгүүд, 2020 оноос МСҮТ, коллежууд тус хөтөлбөрт хамрагдаж цар хүрээгээ тэлжээ. 

2021 оны байдлаар тус хөтөлбөрт манай улсын 335 ерөнхий боловсролын сургууль, 189 цэцэрлэг, 6 коллеж хамрагдаж байна. 

“Тогтвортой хөгжлийг дэмжигч-Эко сургууль/цэцэрлэг хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлснээр байгаль орчны удирдлагын ISO14001 стандартыг нэвтрүүлж, сургууль, цэцэрлэгүүд байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллөө бууруулах, зохистой хэрэглээг бий болгох боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм.

Энэ удаагийн үндэсний чуулганаар олон улсын “Эко сургууль/цэцэрлэг хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, 2021 онд олон улсын болоод Үндэсний нэр хүндтэй шагналын болзол хангасан 38 сургууль, 62 цэцэрлэгт “Хүрэл гэрэгэ”, “Мөнгөн гэрэгэ”, олон улсын “Ногоон туг” өргөмжлөлийг гардуулав. Үүнд: 

  • “Хүрэл гэрэгэ” өргөмжлөлийн болзлыг цэцэрлэг-32, ерөнхий боловсролын сургууль-2;  
  • “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөлийн болзлыг цэцэрлэг-21, ерөнхий боловсролын сургууль-11; 
  • “Ногоон туг” өргөмжлөлийн болзлыг  цэцэрлэг-9, ерөнхий боловсролын сургууль-22; 

тус тус хангаад  байна. Эдгээрээс “ТХБ-2” төсөлд хамрагдан тогтвортой хөгжлийн төлөөх сургуулийн загвар бий болгохоор 30 сургууль зорин ажиллаж байна.


Монгол Улсад Эко сургууль/цэцэрлэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БОАЖЯ, БШУЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг бодлогын дэмжлэг үзүүлж, Боловсролын ерөнхий газар /хуучнаар БМДИ/, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн /Боловсролын хүрээлэн/, БОАЖГ, БСУГ хамтран ажиллаж иржээ.