Түүнийг Ч.Гансүх гэдэг. Нягтлан бодогч аав, оёдолчин ээжийн хүү. Цэргийн хөгжмийн ангид 12 настайдаа орж Оросод Цэргийн хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсчээ. Түүнээс хойш 42 дахь жилдээ үлээвэр хөгжимтэй үнэнч нөхөрлөж явна. Одоо тэрбээр  ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн албаны дарга, “Үлгэр жишээ” үлээвэр найрал хөгжмийн чуулгын даргаар ажилладаг. 50 гаруй шижигнэсэн залуусыг ганцхан дохиураараа яралзуулан удирддаг тэрбээр эмх цэгц, дэг журмыг баримталдаг нэгэн. 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх Ялалтын баярын үеэр Улаан талбайд "Үдэлтийн марш”-ийг хүндэт харуулын хувцастайгаар удирдаж буй бичлэгээрээ монгол түмнийхээ бахархлыг төрүүлээд авсан билээ. Үнэндээ энэ бичлэг хоёр жилийн өмнөх  “Спасская башня 2016” олон улсын цэргийн хөгжмийн наадмын үеэр хийсэн бичлэг ажээ. Яагаад ч юм түүний энэ бичлэг Ялалтын баяраар нийгмийн сүлжээнд тархаж хэдхэн хоногийн дотор 800 орчим мянган хүн үзсэн байна. 


Тухайн үед Улаан талбайд болсон энэхүү олон улсын цэргийн хөгжмийн наадамд хоёр ч үзүүлбэртэйгээр манайхан оролцжээ. Нэг нь дэлхийн сонгодог бүтээл “Кармен” дуурийн Эсмералдагийн ари байв. Дуучнаар олон улсад нэрээ танигдаж буй залуу уран бүтээлч С.Бадрал уригджээ.   Мөн үндэсний урлагийн сод бүтээлийн нэг “Жалам хар”-ын аяыг тоглохоор үзүүлбэрээ найруулсан байна. Харин тэдэнд ОХУ-ын цэргийн хөгжмийн албаны дарга асан Халилов “Та нар өнөө гоё улаан хувцастайгаа ирээрэй” гэж захиалсан хэрэг. Ингээд л төрийн ёслолын хувцас, гуулин шар хөгжмүүдээ аван Москваг зорьсон байна. Ийнхүү Оросуудыг огшоодог алдарт “Үдэлтийн марш”-ийг удирдах эрхэм хүндтэй үүргийг биелүүлсэн цэргийн удирдаачдын нэг болжээ.

Оросууд энэ аяыг тоглож эхлэхэд шууд босч хүндэтгэлээ илэрхийлдэг. Учир нь тэд эх орон гэдэг зүйлийн үнэ цэнийг урлаг соёлоор дамжуулаад цусанд нь суучихсантай холбоотой. 

Түүнтэй уулзаж цөөхөн хором ярилцав.

 Хүн битгий хэл мал хүртэл хүрээд ирэхийг бодоход энэ хөгжим их увьдастай хөгжим 

-Улаан талбайд оркестр удидаж буй таны бичлэг нийгмийн сүлжээнд нэлээн тархлаа. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байв?

-Монгол улсаа төлөөлж оркестр нь гарч ирээд тухайн улсад өөрийнхөө уран бүтээлийг үзүүлж алга ташуулна гэдэг бидний бахархал. Хийж чадах зүйл маань энэ. Москвад 1500 хүнийг удирдаад тоглуулж зогсохдоо ёстой л огшиж баярлаж зогссон. Тэр үед манай улсаас 90 гаруй хүнтэй бага оролцсон юм. Манай төрийн ёслол хүндэтгэлийн хувцасыг харсан хүмүүс ямар сайхан, сүрлэг хувцас вэ гэж байсан. 

-Тэгвэл таны ажлын хэцүү бэрх нь юу байдаг бол?

-Гадаа бороо, цас, шуургатайг үл анзааран нэмэх 40 хасах 40 градус байсан ч бид үүрэг гүйцэтгэдэг. Ямар ч үед дүрэмт хувцасаа өмсөөд ажлаа хийнэ дээ. Магадгүй хэцүү нь биш бахархалтай нь байх шүү. Өвлийн хүйтэнд  хүйтэн төмөр хөгжмийг уруулдаа хүргээд тоглоно гэдэг амаргүй. Яаж даарлаа ч хавчигнаж хөдлөхгүй, хамар амаа барихгүй хөгжмөө л тоглоно. Зарим залуус маань хатгаа авч, хацар чихээ хөлдөөж байсан ч удаа бий. Үнэндээ энэ ажил маань гаднаас нь харахад сайхан ч тэвчээр шаарддаг. Харин нэг орсон хүн гардаггүй.

-Хөгжимтэй холбоотой хөгжилтэй түүхээсээ хуваалцаач?

-Нэлээн хэдэн жилийн өмнө сонгуулийн ажлаар чуулгынхантайгаа хөдөөгүүр явж тоглосон.  Сумын төв талбайд тоглосон чинь үхэр мал нь хүртэл хүрээд ирчихсэн. /инээв/ Хүн битгий хэл мал хүртэл хүрээд ирэхийг бодоход энэ хөгжим их увьдастай хөгжим шүү. 

-Та мэргэжлээ хүүхдүүдэдээ эзэмшүүлсэн үү?

-Ойлгож мэддэг хүндээ энэ ажил маш хүнд хэцүү. Хоёр хүүхдээ хориод энэ мэргэжлээр ажиллуулаагүй. Аав нь л энэ ажлаа хийгээд дуусая гэж хэлсэн. Магадгүй ач зээ нараас минь сонирхвол сургадаг дамжаа курсэд нь сургая гэсэн бодол бий.

-Монголчууд багаар ажиллах чадваргүй гэдэг. Харин танай хамт олон багаараа олон ч уралдаанд амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргалаа...?

-Монголчууд багаа зөв бүрдүүлвэл хамтарч ажиллаж чаддаг. Эвлэлдэн нэгдсэн үедээ бид дэлхийг эзэлсэн байдаг. Бид чинь түүхэн дэх хамгийн агуу төрийг бий болгосон улс.

-Таны бодлоор эх орон гэж юу юм бэ?

-Эх орон гэдэг миний хувьд үнэлээд баршгүй үнэ цэнэ. Бүх бахархлын минь оргил юм. Би энэ сайхан оронд онож төрсөндөө бахархдаг.

Түүний овоглодог “Үлгэр жишээ”  үлээвэр найрал хөгжмийнхөн төмөр замын орчимд нам гүмхэн сууцгаадаг ч дэлхийн зиндааны тэмцээн уралдаанд алгасахгүй оролцож амжилт үзүүлдэг гэдгийг тэр бүр бид мэддэггүй. Тэдэнд оролцохгүй арга хэмжээ ховор. Наадам нээж хаахад тоглодог төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Есөн цагаан тугийн хөгжим”-өөс эхлээд гадны зочид төлөөлөгчдийн айлчлал, гашуудалд хүртэл тэд хөгжимөө тэврэн очдог.

Харахад цэргийн хувцастай хөгжим тоглож яваа ч тэд монголыг соёл урлагийг дэлхийд сурталчилж яваа. Өнөөдөр цэргийн хөгжмийн хамтлагаараа ОХУ, Хятад, Япон улс дэлхийд тэргүүлж байна. Тэд яагаад ингэж анхаарал хандуулдаг вэ гэвэл соёл урлагаар дамжуулан улс үндэстнээ нэгтгэн хүмүүжүүлэх үнэ цэнэ, философийг нь олоод харчихсан хэрэг гэж хурандаа Ч.Гансүх гуай ярьж байна. Учир нь урлагт шимтэн дурлагч хүн хэзээ ч хараал тавьдаггүй, хар буруу үйлд амархан татагддаггүй, сайхныг мэдрээд алга ташина гэдэг өөрөө асар том хүндлэл хүмүүжил юм гэв.

40 гаруй жил “Үлгэр жишээ” үлээвэр найрал хөгжмөөр овоглож яваа түүний мөрөөдөл нь чуулгынханаа мэргэжлийн хөгжимтэй болгох. Монгол төрийн ёслолын арга хэмжээний гол том оркестр хэдий ч тэд одоо болтол стандарт зэрэглэлийн хөгжим барьдаг.  Стандарт гэдэг нь тухайн мэргэжлээр суралцсан оюутнуудын барьдаг хөгжим юм. Үүний дараа хагас мэргэжлийн, мэргэжлийн гэсэн 2 ч хөгжим бий. Хуучин цагт хөгжмийн зэмсэгүүд Зөвлөлтөөс ирчихдэг байж. Энэ бэлгийн үлдэгдэл одоо ч хэрэглэгдсээр байгаа ажээ. Хэрэв хөгжмийн зэмсэгээ шинэчилчихвэл ойрын 10 жил толгой өвдөхгүй “Үнэндээ манайхан гадагшаа тэмцээнд явахдаа өөр улсын хөгжимчдөөс хөгжмөө нуух ч үе гардаг шүү”   гэхээр гол зурдаг хэмээн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Н.Гансүх гуай санаа зовонгуй ярьж сууна.