Л.Дэлгэрмаа
07 сарын 22, 2023
Байнга хэрэглэдэг код, нууц үгээ тэр байтугай барьсан тавьсан зүйлээ огт санахгүй байх, танилынхаа нэрийг бас үзсэн киноны үйл явдлыг санахгүй байх зэрэг шинж тэмдэг танд илэрч байсан уу.
Зөвхөн мартаад зогсохгүй уймарч, сэтгэл санаа хямардаг бол та энэхүү мэдээлэлд анхаарал хандуулаарай.
1. Хэт их ажиллаад байгаа юм биш биз?
Нойргүйдэж, амархан стрессдэж мэдээж мартах нь хэрээс хэтэрч эхлэхийг тархины манан хэмээх эмгэгийн шинж тэмдэг гэж үздэг. Энэ төрлийн эмгэгт өртсөн хүмүүс голдуу хэт их ажилладаг, дэлгэцийн хэрэглээ нь хэтэрсэн байдаг аж. Мөн радио долгион ч үүнд хүчтэй нөлөөлдөг. Хэрэв цахим их хэрэглээ ихтэй бол гар утас, таблетад зарцуулах цагаа багасгаарай.
2. Эрдэм, амин дэмийн дутагдалд орсон уу?
Хурдан мартаж санадаг хүмүүсийг шинжилгээнд хамруулахад голдуу ямар нэг төрлийн дасгал хөдөлгөөн хийдэггүй, эрдэсийн дутагдалтай, хүнд металийн хордлого ихтэй гарчээ. Иймээс шинжилгээ өгч шаардлагатай амин дэмийн дутагдлаа нөхөхийг эрдэмтэд сануулжээ.
Дасгал хөдөлгөөн хийхэд ч мөн тухайлан цаг гаргаарай.
3. Сэтгэл зүйн эрүүл мэндэдээ анхаарал хандуулахын учир
Та байнга ямар нэгэн зүйлд санаа зовж, түгшдэг үү. Зарим тохиолдолд хурдан мартаж санах нь сэтгэл зүй асуудлаас үүдсэн эмгэг байдаг. Тухайлбал хүнд цохилтод орсон үйл явдлын дараа тархи аливаа мэдээллийг хурдан мартдаг.
4.Том асуудал буюу алцхаймер
Алцхаймер бол зөнөгрөх өвчний хамгийн түгээмэл хэлбэр юм. Энэ тохиолдолд ой санамжаа алдаж, бусадтай харилцахад төвөгтэй болдог. Учир нь зөвхөн мартаад зогсохгүй өглөө сэрээд л хийдэг энгийн дадлуудаа ч мартдаг.
Үүнд удамшил, согтууруулах ундааны хэт их хэрэглээ, зүрх судасны өвчлөл, урт хугацааны нойргүйдэл, насжилт зэрэг нь нөлөөлдөг байна. Алцхаймераас сэргийлэхийн тулд тархи ажиллуулсан тоглоом, дасгалуудыг түлхүү хийхийг эрдэмтэд зөвлөжээ.
ШИЙДЭЛ: Та өдөр тутмын амьдралын хэв маягаа бичиж,төлөвлөөрэй. Ингэхдээ цаг төлөвлөлтийн апп ашиглаж болно. Асуудал таны хяналтаас гарсан гэж бодож байвал эмнэлэгт хандаж, хайртай дотны хүмүүсээсээ тусламж авах хэрэгтэй.
ШИЙДЭЛ: Үгийн сүлжээ бөглөх, шинэ зүйл сурах зэргээр тархиа идэвхтэй ажиллуулахад анхаарал хандуулаарай. Та үргэлж баруун гараараа шүдээ угаадаг бол зүүн гараараа угаах зэргээр тархины нөгөө талаа идэвхжүүлж болно. Дасгал хөдөлгөөн таны төсөөлж байснаас илүү ач холбогдолтойг бүү мартаарай.
ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ АМИН ДЭМ:
Витамин D
Витамин D нь зүрх судасны өвчин, мэдрэлийн ажиллагаанд нөлөөлж, 200 гаруй ген буюу удамшлын мэдээлэл агуулсан молекулуудад эерэгээр нөлөөлдөг ажээ. Витамин D нь дархлааны тогтолцооны үйл ажиллагаа, тархины эрүүл мэндэд нэн шаардлагатай амин дэм юм.
Омега 3 тосны хүчил
Омега 3 тосны хүчил нь зүрх судас болон тархины үйл ажиллагааг дэмждэг гэдгээрээ алдартай. Омега-3 тосны хүчлүүд болох эйкозапентаеной хүчил (EPA) ба докозагексаены хүчил (DHA) зэрэг нь тархины үйл ажиллагаа, түүний дотор ой санамж, анхаарал төвлөрөл, сэтгэл санааны байдлыг сайжруулдаг.
Магни
Эрэгтэй хүнд дунджаар өдөрт 400мг , эмэгтэй хүнд 300мг ойролцоогоор шаардлагатай. Стресст өртөмтгий хүмүүст магнийн хэмжээ бага байх нь элбэг байдаг. Стресс нь ой санамж муудах, төвлөрөл муудах, сэтгэл түгших шинж тэмдэг үүсгэдэг. Иймээс нэмэлт тэжээлээр магни зохистой тунгаар авах нь стресст өртөмтгий байдлыг бууруулж, улмаар стресстэй холбоотой танин мэдэхүйн доройтол, ой санамж муудах зэрэг шинж тэмдгийн эсрэг сайн үр нөлөөтэй.
Витамин С
Витамин С нь дархлаа дэмжих, биеийг хоргүйжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, стрессийг бууруулах болон антиоксидант үйлдэлтэй хамгийн шилдэг витамин юм. Насанд хүрсэн хүн өдөрт 90-100 мг тун, жирэмсэн, хөхүүл эхчүүд өдөрт 120 мг тун хэмжээтэй витамин С зайлшгүй авч байх шаардлагатай. Харин тамхи татдаг хүмүүс эдгээр тун хэмжээнээс даруй 50 мг тунг илүү авч байх шаардлагатай хэмээн ДЭМБ зөвлөдөг.
B12
В12 багадах нь тархины хэмжээнд нөлөөлөн оюун ухааныг муутгахад хүргэдэг байна. B12 амин дэм нь сэтгэл санааны байдал, дархлааны системийг идэвхижүүлэх, бөх нойрсох, ой тогтоолт сайжруулах, хөгшрөлтийг удаашруулах зэрэг олон ашиг тустай.
Эх сурвалж: Healthline
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.