Тиймээс жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ныг Аутизмыг таниулах дэлхийн өдөр хэмээн олон улсад хүлээн зөвшөөрч 2008 оноос оноон тэмдэглэж ирсэн билээ. Анх 2007 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр НҮБ-ын гишүүн бүх орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг олон нийтэд ойлгуулж таниулах арга хэмжээ авахад уриалсан билээ.

Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын Аутизмын Холбоо ТББ, Аутизм Монгол Анд ТББ, Аутизм Судлалын Хүрээлэн ТББ болон Тэнгэрлэг ээжүүд групп нэгдэн “Аутизмыг ойлгоё-Хандивын Үдэш”-ийг өчигдөр зохион байгууллаа.

Энэ үеэр Монголын сагсан бөмбөгийн  дээд лигийн сагсан бөмбөгийн тамирчдын гарын үсэг бүхий Молтен брэндийн бөмбөг мөн дээд лигийн тэргүүн тоглогч Б.Билгүүн, ОХМ Б.Баттөрийн энэ оны өмсгөлийг дуудлага худалдаанд оруулсан юм.

Уг дуудлага худалдааны дээд үнэ буюу таван сая төгрөгөөр жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр хэлж худалдан авчээ.

Тус хандивын үйл ажиллагаанаас олсон бүх орлогыг аутизмын тухай зөв ойлголтыг нийгэмд түгээх, аутизмтай хүүхдүүд ба насанд хүрэгчдийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хандлагыг бий болгох зорилгоор олон нийтэд зориулсан видео контентууд болон эцэг эхчүүдэд зориулсан ном товхимол хэвлэн гаргахад зарцуулах аж.

Бичлэг үзэх:

Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг. 

Аутизм нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар сул, аливаа өөрчлөлтөд тавгүйтэж хямардаг, давтагдмал, өвөрмөц зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэг юм. Аутизмын хүрээний эмгэг нь үндэс угсаа болон нийгэм эдийн засгийн бүхий л бүлэгт илэрдэг.

Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг  бэрхшээлээр илэрдэг тул эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг  бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.