Сүүлийн 24 цагийн хугацаанд манай улсад коронавирусийн нийт 24 тохиолдол бүртгэгджээ.

Улмаар дотооддоо бүртгэгдсэн халдвар 341, зөөвөрлөгдөн орж ирсэн нь 383 буюу нийт 784 тохиолдол боллоо гэж Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Улаанбаатарт хот болон 6 аймагт коронавирусийн халдвар голомтлон гарч байна.

Манай улсад гарч буй голомтын байдлуудыг харахад тархалтын эрч өндөр байна. Дэлхий дахинд халдвартын индекс буюу тархалтын эрч ихэнхдээ 2-4, зарим оронд дээд тал нь 6 байхад манай улсад гол төлөв 6-23, зарим тохиолдолд 30, 66 хавьталтай байна.

Энэ нь монголчууд нэг нэгнийдээ их зочилдог, гэртээ хүн урьдаг, хөдөө, хотоос ирсэн хүмүүс хамгийн түрүүнд өндөр настныдаа очиж уулздаг зэрэг зан үйлтэй холбоотой. 

Иймд хамгийн эрсдэл бүлэгт орж буй өндөр настай болон архаг хууч өвчтэй хүмүүстэй зайнаас харьцах, тогтмол гэрт нь байлгах, гэртээ урихгүй байх, нэгнийдээ зочлохгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэй байна. 

Гадаадын олон оронд өндөр настан болон архаг суурь өвчтэй хүмүүсийг гэрийн дэглэмд байхад нь алсаас эргэж, анхаарч байгаа. Гэтэл манай улсад хэт олон очих, төрсөн өдөр зэрэг баяр ёслол хийх, нийлж тоглох зэргээс голомтын хүрээ нэмэгдэж байна. Нийт 8 голомт нутагт 4100 гаруй хүн хавьтал болсон.

Зарим аймагт өвчлөл гарсан тохиолдлыг үзэхэд, нэг хүн маш олон хүнтэй харьцаанд орсон, улмаар нэг хүнээр дамжаад 60 гаруй, нэг хүн бүр 140 хүнтэй ойрын хавьталд орсон дүр зураг байна. Энэ ойрын хавьтлаас олонх нь өвчлөх хандлагатай байна. Гэхдээ амны хаалт зүүгээд тухайн хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүс өвдөөгүй тохиолдол бас олон байна. 

Ийм учраас амны хаалт зүүх нь үнэхээр ач холбогдолтой байна. Халдвар ойрын хавьтал болон хүний бөөгнөрөл их үүссэн газарт хурдан тархаж байна" хэмээлээ.