ЭЕШ-ын материалыг цагдаагийн тусгай хамгаалалт дор хатуу чанд бэлтгэдэг

Х.Оргил
06 сарын 17, 2018

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтанд 43.800 сурагч бүртгүүлэн оролцож байна.
Өнөөдөр эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар өмнөх жилүүдэд шалгалтын материал задарсан гэх асуудал бүхий хэл ам гарч байсан. Тэгвэл одоо ийм асуудал гарахгүй болсон, өмнө нь гарч байсан нь ташаа мэдээлэл байсан гэж БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэж байна. 

Тус газар шалгалтын материалыг боловсруулж хэвлэхдээ хэрхэн бэлдэж, нууцлалыг яаж хангадаг талаар Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн хэлэхдээ, “Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл постууд гаргаж түүгээр дамжин зохион байгуулагддаг. Эхний пост тавдугаар сард гардаг. Энэхүү пост дээр тухайн шалгалтанд хэрэглэж ашиглах материалуудыг бэлтгэдэг. Хоёрдугаар пост дээр сэдэв болон даалгавруудыг бэлтгэж гаргадаг. Хичээл тус бүр дээр нэг их сургууль болон дунд сургуулийн багш нар гарч ажилладаг гэсэн үг. Багш нарыг ЦЕГ-аас гаргасан цагдаагийн тусгай хамгаалалт дор 24 цагийн камержилттай, ямар нэг утас, сүлжээ, бичиг цаас ашиглах боломжгүй газар аваачиж сэдэв, даалгавраа боловсруулаад тухайн багш нар тэндээ байж байгаад ЭЕШ дууссаны дараа постноос буудаг. 

Тиймээс сэдэв болон даалгавар бүхий материал ямар нэг байдлаар задарна гэсэн асуудал байдаггүй, үүсдэггүй, тийм ойлголт байхгүй гэсэн хариу өгсөн юм.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтанд 43.800 сурагч бүртгүүлжээ. Өнөөдөр Монгол Улсын түүх, Англи хэл, газарзүйн хичээлүүдийн шалгалтаар үргэлжилнэ. Зургадугаар сарын 18-20-нд биологи, математик, Монгол хэл, нийгмийн тухай мэдлэг, хими, Орос хэлний хичээлүүдийн шалгалт авах хуваарьтай юм. Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан “Энэ жил 12 дугаар ангийг 42 мянга орчим хүүхэд төгссөн. Өнгөрсөн жилийн төгссөн, дахин шалгалт өгөхийг зорьж байгаа хүүхдүүдтэй нийлээд 45 мянга орчим хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орох тооцоо гаргасан” гэв.


эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

боловсрол эеш

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.