Өнөөдөр Мэдээллийн технологийн салбарын охидын олон улсын өдөр тохиож байна. 

Эрэгтэйчүүд давамгайлсан энэ салбарт охид, бүсгүйчүүдийг оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, охид, бүсгүйчүүд "өөрчлөлтийн хүчирхэг төлөөлөгч" байх боломжийг олгох зорилгоор энэ өдрийг дэлхийн 150 гаруй улс оронд тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Манай улсын хувьд  2021 онд "Код бичих охидын хөтөлбөр"-ийг санаачилж, 21 аймаг 9 дүүргийн нийт 30 охиныг хөтөлбөрт хамруулсан билээ. 

Тус хөтөлбөрт хамрагдсан 30 охины 7 нь дэлхийн томоохон их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа бол Говь-Алтай аймгийн оролцогч Б.Маргад Тонхил сумын ЕБС-ийн веб сайтыг зохион бүтээж, мэдээлийн технологийн улсын олимпиадад оролцож, алтан медаль хүртсэн байна. 

Мөн Хан-Уул дүүргийн оролцогч Б.Анударь сургууль дээрээ код бичих клуб байгуулан, өөрийн сурсан мэдлэгээ бусадтай хуваалцаж явна. 

Харин Сүхбаатар аймгийн оролцогч Н.Мөнхжин “И-Монгол” академид өнгөрсөн өвлийн амралтаараа дадлага хийж, мэдлэгээ улам гүнзгийрүүлж, хоёр аппликейшн зохион бүтээсэн юм. 

Энэ мэтчилэн “Код бичих охидын хөтөлбөр”-т хамрагдсан 30 охин сурсан мэдлэгээ бусадтай хуваалцаж, өөрсдийн ур чадвараа сайжруулж, бусад охиддоо үлгэр жишээ болж явна.

Энэ жил  “Код бичих охидын хөтөлбөр”-т нийт 50 охиныг хамруулахаар зорьж байна.  Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт 3 үе шаттай явагдах бөгөөд бүртгэл нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ охид www.girlscode.mn сайтын БҮРТГЭЛ-2022 гэсэн цэс руу орж бүртгүүлэх эсвэл 

https://forms.gle/7Abj27PmMNqCVNuQ9 линкээр бүртгүүлээрэй.

Холбоо барих утас: 51-266210