Ц.Мөнхцэцэг: Охидод ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг охидод ариун цэврийн хэрэглэлийг сургуулийн орчинд үнэ төлбөргүй олгох хэрэгтэй хэмээн жиргэжээ. 

Тэрбээр “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, Өмнөд Африк зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Монгол Улсад бас ингэх нь зөв." гэсэн юм. 

Түүний энэ санаачлагыг цахим орчинд хэлэлцэж, шүүмжлэх нэгэн ч цөөнгүй байна. Жишээ нь "хүчирхийлэл, нийгмийн сэтгэл зовнисон асуудал дээр дуугардаггүй байж, төрд "шахаа" хийх нь" гэж жиргэх нэгэн ч байна.

Гэтэл саяхан орон нутагт 8 дугаар ангийн охин сарын тэмдэг ирсэн үедээ ариун цэврийн хэрэглэлгүйгээс хичээлээ тасалж, дотуур байрны хөвөн хөнжлөөс ашиглажээ. Харамсалтай нь дотуур байрны багш нь туслахын оронд охиныг зодсон тухай мэдээлэл гарчээ.

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ийнхүү жиргэсэн аж. 

Ариун цэврийн хэрэглэл аахар шаахар асуудал биш гэдгийг дээрх жишээ төдийгүй, дэлхий дахинд өдөрт 56 охин "Ариун цэврийн хэрэглэл" -ийн зохисгүй хэрэглээнээс болж амь насаа алддаг гэсэн тоо баримт  үүнийг нотолно. 

Ариун цэврийн хэрэглэлийг өдөрт хамгийн ихдээ 5 цаг тутамд сольж байх хэрэгтэй. Хэрэв үүнээс удаан хугацаагаар хэрэглэвэл хэрэглэл дээрх цус ногоон өнгөтэй болж умайд мөөгөнцөр үүсдэг.  (Үүнтэй холбоотой дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу.)

Дээрх шалтгааны улмаас улс орнууд ариун цэврийн хэрэгслийг татвараас чөлөөлөх, үнийг нь буулгах арга хэмжээнээс эхлэн шат дараалал бодлого явуулсан байдаг. 

Тухайлбал  Их Британыг ядуурлаас аврах компанит ажил буюу #FreePeriods уриатай онлайн хөдөлгөөнийг өрнүүлсэн байдаг.

Амика Жорж "FreePeriods" хөдөлгөөнийг санаачлагч 

Богино хугацаанд асар хурдацтай олон нийтэд тархсан энэхүү хөдөлгөөний ачаар эмэгтэй сурагчдад  ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй тараах шийдвэрийг гаргасан билээ.

Амика Жорж охин уг хөдөлгөөнөөрөө дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн юм. “TIME” сэтгүүл түүнийг 2018 оны хамгийн нөлөө бүхий өсвөр үеийнхний жагсаалтад оруулж,”The Big Issue” түүнийг шилдэг өөрчлөлт авчрагч 100 хүн жагсаалтад оруулжээ. 


Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.