“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-II төслийн ажлын албатай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсролын шинэ чиг хандлага, шинэчлэл” сэдэвт цуврал сургалтаа өчигдөр (2023.06.27) эхэллээ. 

Тогтвортой хөгжлийн /Байгаль орчин, нийгэм соёл, эдийн засаг/ тулгуур үндсэн ойлголт, уялдаа холбоо, XXI зууны түлхүүр цогц чадамж /мэдлэг, чадвар, хандлага/, ТХЗ-ын гол жолоодогч Боловсролын тухай эргэцүүлэхүй гэсэн агуулга бүхий сургалтыг ТХБ-II төслийн зөвлөх О.Оюунтунгалаг хариуцан явуулж байна. 

Мөн клубын өчигдрийн “Өглөөний цагийг өөртөө” уулзалтаар “Тогтвортой хөгжлийн боловсрол-II”төслийн зохицуулагч А.Энхтогтох клубын гишүүдэд талархлаа илэрхийлж, амжилт хүсэв. 

ТХБ-II төсөл хоёр жил орчим хугацаанд тус клубтэй тогтвортой хөгжлийн боловсролын талаарх мэдлэг, мэдээлэл, үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийг мэргэшүүлэн сургах чиглэлээр хамтран амжилттай ажилласан байна. 

Тус төсөл, клуб хамтран Тогтвортой хөгжлийн боловсрол түгээгч загвар сургуулиудын үйл ажиллагаа, туршлагатай танилцах, сурвалжлангаа суралцах аяллыг Орхон, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын зарим дүүрэгт зохион байгуулж, сургалтуудаа газар дээр явуулсан нь үр дүн сайтай байжээ. 

Тогтвортой хөгжлийн төлөөх үр дүн, ололт амжилт, туршлага, шинэ санаачилга, бүтээлч арга зүйг олон нийтэд танилцуулан сурталчлах, хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, ур чадвараа дээшлүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажилласныг хоёр тал онцоллоо. 

Монгол Улсын Засгийн газар, Шейцарын Холбооны Улсын 2020 оноос хамтран хэрэгжүүлж буй ТХБ-II төсөл энэ оны 06 сард өндөрлөж байгаа ч сэтгүүлчдийг тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшүүлэн сургах, чадавхижуулах үйл явц ийнхүү үргэлжилж байна. Тус төслийг үндэсний хэмжээнд БСҮХ, орон нутагт БОМСТ ТББ хариуцан Техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүдтэй хамтран хэрэгжүүлсэн юм. Төслийг санхүүжүүлэгч үндсэн байгууллагын нэг ШХА тус төслийн үр дүнг амжилттай, сайн гэж дүгнэсэн байдаг.