Шинэ жилийн баяраа тэмдэглээд харих замдаа осгож нас баржээ

Х.Оргил
12 сарын 21, 2018

Шинэ жилийн баяр тэмдэглэх үеэр бусдын бие махбодид гэмтэл учруулах, танхайрах, согтуулах ундаа хэтрүүлэн ууснаас болж осгож нас барах тохиолдол эрс нэмэгджээ.

Тухайлбал өчигдөр шөнө 25 настай иргэн Х шинэ жилийн баяраа тэмдэглэж яваад харих замдаа осгож ГССҮТ-д хүргэгдсэн байна. Гэвч эмнэлэгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Мөн энэ мэт архи согтууруулах ундаанаас үүдсэн гэмтэл бэртэл нэлээн нэмэгдсэн аж.  Энэ талаар ГССҮТ-ийн Гэмтэл согогийн мэс засалч их эмч А.Амгаланбаатараас тодруулахад 

"Сүүлийн үед манай хамт олон маш ачаалалтай ажиллаж байна. Баяр болж байгаатай холбоотойгоор албан байгууллага, найз нөхдөөрөө архидан согтуурч нэгнээ гэмтээх, дээрэмдүүлэх цаашлаад амь насанд хүрсэн тохиолдол ч гарлаа. Харамсалтай нь амиа алдсан хүмүүсийн ихэнх нь 25-35 нас буюу ид хөдөлмөрийн насныхан байна. Эдгээр тохиолдлын 80 хувь нь архинаас үүдэлтэй. Хамт баярлаж цэнгэж явахдаа нэгнээ анхаарахгүй орхисноос осгосон тохиолдол нэлээн гарсан. Мөн байрных нь үүдэнд хүргэсэн боловч орж чадалгүй осгож нас барсан удаа ч бий. Осголтын хувьд тухайн хүн бага зэрэг уусан ч гэсэн гадаа гарахаараа агаарт цохигдож ухаан алддаг. Үүнээс болж хөл гараа тайруулдаг. Бас ялихгүй маргаанаас болж зодоон цохионд хүрч нэгнээ хүндээр бэртээж гэмтээж байна. Тиймээс иргэдэд архи согтууруулах ундааг анхаарал болгоомжтой хэрэглэхийг, байгууллага нь ч хавтгайрсан архидалт зохион байгуулахгүй байхыг хүсэе" гэлээ. 

Холбоотой сэдвүүд

архи гэмтэл

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.