peak.mn
10 сарын 22, 2018
Өнгөрсөн ням гарагт Тайванийн зүүн хойд нутгийн Илань тойргийн орчимд хурдан галт тэрэг замаасаа гарч, осолдсоны улмаас 22 хүн амиа алдаж, 187 хүн шархадсан байна.
Уг осол ньорон нутгийн цагаар ням гарагийн 16:50 цагийн орчимд “Хсин Ма” буудлаас холгүй төмөр замын эргэлтийн ойролцоо гарсан бөгөөд тухайн үед нийт 366 хүн уг галт тэргээр зорчиж явжээ.
Найман вагон бүгд замаас гарсан бөгөөд тэдний гурав нь онхолдсон байна. Шөнө дунд гал сөнөөгч нар вагонуудын дотор хэсгүүдийг шалгасан ба аврах албаны ажилтнууд унасан вагонуудыг кранаар өргөж, хэн нэгэн зорчигч гацаж, үлдсэн эсэхийг шалгасан байна.
Тайванийн Төмөр замын удирдах газрын хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр, ослын шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд осол гарсан замын хажуугийн замыг ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа аж.
Японы “Ниппон Шарё” компанийн үйлдвэрлэсэн “Пуюма” хурдан галт тэрэг нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.