Химийн үйлдвэрийн тэсрэлтийн дараа олон зуун иргэд цусаа хандивлахаар урт дараалалд зогсчээ

БНХАУ-ын Зянсу мужийн химийн үйлдвэрт өнгөрсөн пүрэв гарагт тэсрэлт болсны дараа ойролцоох Янченг хотын оршин суугчид сайн дураараа цусаа хандивлахаар урт дараалалд дугаарлажээ.

Хятадын аж үйлдвэрийн түүхэнд хамгийн том гэж хэлж болох тус осол болсны дараа хүмүүсийг цусаа хандивлахыг уриалан 200 гаруй дуудлага хийсэн аж. Дуудлага хүлээж авсан болон сайн дураараа ирсэн хүмүүсийн зарим нь цус хүлээж авах газарт  шөнө дунд хүртэл хүлээн зогссон байна. Тэсрэлтийн улмаас 640 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн ба эдгээрийн 90-ээд нь ноцтой нөхцөл байдалд байгаа гэж мэдэгдсэн бол ослоос 47 хүн нас баржээ.

Тэсрэлтийн яг тодорхой шалтгааныг одоогоор тодорхойлоогүй байгаа ч уг байгууламжид химийн нэгдэл бензолтой нийлснээс гал авалцсан гэж мэдээлжээ. 

Уг үйлдвэр нь бордоо үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг байсан аж. Тэсрэлтийн улмаас үйлдвэр шатаж дууссан ба ойролцоох барилга байгууламжийг нурж, ажилчид нуралтад дарагджээ.