Энэ жилийн хувьд “Оюутан цэрэг” сургалтад орон даяар 1000 орчим оюутныг сонгон авснаас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй их, дээд сургуулийн 700 орчим оюутан Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Хээрийн сургалтын төвд Цэргийн мэргэжлийн хээрийн бэлтгэлд гарчээ. Харин орон нутгийн их, дээд сургуулиудын оюутнууд Ховд, Орхон, Өвөрхангай, Дорнод аймгуудын нутагт буй цэргийн ангиудыг түшиглэн хээрийн бэлтгэл сургалтад хамрагджээ.

2014 онд анхны “Оюутан цэрэг” сургалтаар 500 оюутныг буудагч мэргэжлээр сургаж байсан бол сургалтын хөтөлбөрийн чанар, цар хүрээ жил бүр өргөжин тэлсээр энэ жилийн оюутан цэргүүд буудагч, пулемётчин, грантомётчин, инженерийн тагнуулчин-байлдагч, химичин-ариутгагч-байлдагч, химичин-тагнуулчин-байлдагч, артиллерийн тагнуулчин-байлдагч, артиллерийн тооцоочин-байлдагч, радиотелефончин-байлдагч, холбооны-хянагч-байлдагч, ариун цэврийн зааварлагч-байлдагч зэрэг цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшээд байна.

Их, дээд сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэх, улс орны батлан хамгаалах чадвар сайжрах, их, дээд сургуулийн төгсөгчид төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэх зэрэг чухал үр дүн гардаг.

Мөн хугацаат цэргийн албатай харьцуулахад “Оюутан цэрэг” сургалт нь нэг цэргийн жилийн зардлыг 3 дахин багасгаснаараа эдийн засгийн хэмнэлт дагуулж байгаа юм.

Сургалтад хамрагдсан оюутнууд хичээл сурлагын ахиц үзүүлж, цэрэг эх оронч үзэлтэй, ёс суртахууны зөв төлөвшилтэй болж, бие бялдар, эрүүл мэндийн хувьд сайжирдаг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Хээрийн сургалтын төвд ажиллах үеэр оюутан цэргүүд энэ талаар ярьж, сургалтын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Оюутан цэргүүдийн тав тухыг хангах, сайжруулахын тулд 2018 онд Хээрийн сургалтын төвд цэргийн байр барих дэд бүтцийн асуудлыг шийдэж, олон улсын жишигт нийцсэн байр барьсан байна. Харин энэ жил цэргийн байрыг өргөтгөн, нэмж 7 байр барьснаар тус төв нь 1000 хүний багтаамжтай болжээ. Ирэх жилийн сургалтаас өмнө Хээрийн сургалтын төвд буудлагын иж бүрэн талбай ашиглалтад орох юм байна.