Сүүлийн үед гарч байгаа гэдэсний өвчлөлтэй холбоотой асуудлаар Нийслэлийн эрүүл  мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга С.Дулмаагаас тодруулга авлаа.


-Нийслэлд гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байгаа гэсэн?

 -Өнгөрсөн оны тоон дүнтэй харьцуулахад нийслэлд эхний 7 сарын байдлаар гэдэсний өвчлөл бага зэрэг өссөн үзүүлэлттэй гарлаа. Яг гэдэсний халдвар дотроо хамгийн их тохиолдож байгаа нь цусан суулга буюу дизинтри. Өнгөрсөн оныхоос 423-аар өссөн байна.

-Гэдэсний халдвар нэмэгдэхэд саяхан болсон үер ус нөлөөлсөн үү?

-Хонхор орчим, Сонгинохайрхан дүүрэгт  үер устай холбоотой гэдэсний халдвар гарсан ч тухайн үед шуурхай ажиллан арга хэмжээ авсан. Гэдэсний халдварт өвчин нэмэгдэхэд иргэдийн өдөр тутмын буруу дадал их нөлөөлж байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй.

 -Хамгийн их дэгдэлттэй байгаа гэдэсний цусан суулгаас хэрхэн сэргийлэх вэ?

-Энэ төрлийн халдвараас сэргийлэх тун энгийн шүү дээ. Гол нь эрүүл ахуйн энгийн зүйлсийг амьдралдаа дадал болгочих хэрэгтэй. Тухайлбал хагас боловсруулсан  болон түүхий бүтээгдэхүүнийг хэзээ ч нэг дор хадгалдаггүй .Мөн гар угаахаас эхлээд эрүүл ахуйн дадлаа зөв болгохыг хичээх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд мах гурил болон ногоо, талхны гамбанзаа хольж хэрэглэж болохгүй. Хэдэн жилийн өмнө махны гамбанзнаас боомын вирус илэрч байсан даа. Айлууд ихэвчлэн нэг л хутгатай байдаг. Тэгвэл тэр хутгаа маш сайн угааж цэвэрлэсний дараа хэрэглэж хэвшээрэй.

-Сүүлийн үед богино долгионы зуухнаас нян илэрсэн гэх мэдээ гарах боллоо?

-Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг богино долгионы зуух  халуун бас битүү орчинтой. Тэр битүү орчинд хоол халаахад хэт богино долгионы зуухны ялгаруулдаг дулаан нь хоол хүнсэнд нян үржих хамгийн таатай орчныг үүсгэдэг. Мөн хоолыг хэзээ ч хоёр дахиа халааж болохгүй. Энэ нь эргээд хоол биш хор болох эрсдэлтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс томоохон ресторан, шилдэг тогооч нарын хэрэглээнд богино долгионы зуух байдаггүй.