Peak.mn
10 сарын 31, 2019
БЭЭЖИН. /CNN/. Хятадын метронуудад соёлгүй үйлдэл гаргахыг хориглох дүрмийг тус улсын Зам тээврийн яам мягмар гарагт баталжээ.
“2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн улс даяарх бүх метронд идэх, уух, хэвтэх, сандал дээр зогсох, өсгөгчөөр хөгжим сонсох зэрэг соёлгүй үйлдэл гаргахыг хориглоно” гэж “China Daily” сонинд нийтэлжээ. Харин эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс болон нялх нярай, бага насны хүүхдүүдэд “идэж, уухыг хориглох” дүрэм хамаарахгүй аж.
Урьд нь энэ талаарх дүрэм журмыг Хятадын зарим хот болон бүс нутгийн засаг захиргаа гаргаж байсан боловч улс орныг бүхэлд нь хамарсан метроны тухай хууль тогтоомжийг анх удаа баталж буй нь энэ юм.
Ташрамд дурдахад, Бээжин хотод 2015 оноос эхлэн метронд, буудал дээр, буудлын цахилгаан шатанд хоол хүнс, уух юм хэрэглэхийг хориглосон бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд 500 юань буюу 70 ам.доллароор торгодог байна.
“Зорчигчдыг аюулгүй, тав тухтай үйлчилгээгээр хангах нь метро тээврийн үндсэн зарчим юм” гэж Зам тээврийн яамнаас мэдэгджээ. Дээрх хориг арга хэмжээ ирэх оноос хэрэгжиж эхлэх боловч зөрчил гаргасан тохиолдолд ямар торгууль ногдуулах хийгээд эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс хэрхэн нотолж дүрэм журмаас чөлөөлөгдөх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.