Туркийн төв банк бодлогын хүүгээ 24 хувь болгож нэмэгдүүлсний дараа тус улсын үндэсний валютын /лир/ доллартай харьцах ханш өсчээ.

Төрийн эрхийг 15 жил барьж байгаа Режеп Тайип Эрдоганы үед бодлогын хүүг хамгийн ихээр өсгөсөн тохиолдол энэ болж байна.

Энэ он гарснаас хойш лирийн доллартай харьцах ханш 38 хувиар унаад байсан бөгөөд хүүг нэмэгдүүлэх арга хэмжээг авсны дараа лирийн доллартай харьцах ханш 6.25 хувиар өсчээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган бодлогын хүү нэмэх арга хэмжээг эсэргүүцэж байсан бөгөөд мөн өнгөрсөн сард инфляцийн түвшин 18 хувьд хүрсэнд төв банкийг буруутгасан байна.

Мөнгөний бодлогод Ерөнхийлөгчийн оролцоо их байгаагийн улмаас сүүлийн саруудад гадаад хөрөнгө оруулагчдын итгэл ихээхэн мохож байгаа нь Туркийн хувьд сэтгэл түгшээсэн асуудал болоод байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг