Бүх зүйл 2008 онд эхэлсэн. Ник Фюри Тони Старкд Авенжерүүд гэх санаачилгынхаа тухай хэлсэн тэр үеэс. Түүнээс хойш олон гайхалтай үйл явдал, баатрууд, дайснууд, шинэ ертөнцүүдтэй бид танилцсан. Марвелын кино ертөнц Iron Man-ы нэгдүгээр ангийг гаргаснаас хойш 10 жилийн дараа хамаг л агуу баатрууд нэгдэн Хилэнт титан Таносоос хорвоо ертөнцийг хамгаалах гэж байна. Avengers: Infinity War нийт 76 дүртэй, Марвелын бүтээсэн хамгийн урт кино болно. Үүнээс өмнө гарсан 18 бүрэн хэмжээний киног та үзэж амжихааргүй байгаа бол бид таныг замчилъя. 

Дашрамд дурдахад тус кино нь 2018 оны 4 сарын 27-нд "Urgoo Cinema Laser " театрт нээлтээ хийх юм. 

Танос гэж хэн бэ?

Танос бол Титан, Сатурн гарагийн хамгийн том сарыг колончлогч, генийн инженерчлэлийн дүнд бий болсон супер хүмүүс буюу Eternal-уудын (Өнө мөнх оршигчдын) гишүүн. Туйлын мэргэн, гайхалтай хүч чадалтай тэрбээр бүсгүй хүн, эсвэл араг ясаар хүн төрхийг олдог Үхэлд хайртай болсон. Түүний хайр сэтгэлийг олохын тулд Infinity Stone-ий (Мөнхийн чулуунуудын) тусламжтай хорвоо ертөнцийн талыг устгана. 

Таносын туслахууд хэн бэ?

Таност хүчин зүтгэгчдийг Black Order (Хар бүлгэм) гэдэг. Танос таван генералтай боловч Infinity War-т Corvus Glaive (Таносын баруун гар, өөрийг нь үхэшгүй мөнх байлгадаг сэлэмтэй) Proxima Midnight (жадаар мэргэшсэн), Ebony Maw, Cull Obsidian (харгис, дийлдэшгүй чадалтай) гэсэн дөрөв нь л гарна. 

Infinity Stones гэж юу вэ?

Танос зургаан ширхэг чулууны араас яваа. Эдгээр чулуу ертөнцийг устгаж, сансрын өтний нүхийг нээж, цаг хугацааг ухараах чадалтай. Guardians of the Galaxy-д гардаг Collector-ын (Цуглуулагчийн) хэлснээр Агуу тэсрэлт болохоос өмнө зургаан гайхамшигтай өвөрмөц тогтоц байсан. Улмаар одоогийн ертөнц бий болоход эдгээрийн үлдэгдэл билүү хайргын чинээ болж хувирсан учир тийм их хүч агуулдаг аж. 

  • Тессеракт (Сансрын чулуу)
  • Эетер (Үнэний чулуу)
  • Орб (Хүч чадлын чулуу)
  • Локигийн Очир буюу Вижн (Оюун ухааны чулуу)
  • Мөн чанарын чулуу
  • Цаг хугацааны чулуу

Авенжерүүдэд юу тохиолдсон бэ?

НҮБ авенжерүүдийг өөрийн мэдэлдээ авах гэрээнд Iron Man (Төмөр Хүн) тэргүүтэй хэсэг нөхөд гарын үсэг зурсан. Харин Captain America (Ахмад Америк) тэргүүтэй хэсэг нь үүнийг эсэргүүцэж авенжерүүд талцахад хүрсэн. Ахмад Америк одоо Засгийн газартай хамтран ажиллахаа больсон, бүр магадгүй Засгийн газраас зугтаж яваа тул зүсээ өөрчилж, сахал ургуулан, хар хувцас өмсдөг болсон. Тэрбээр нэрээ сольж Ахмад Америк биш Номад болно. Black Widow (Хар бэлэвсэн эхнэр) ч үсээ улбар шараас цайвар шар болгон өөрчилсөн нь ийм шалтгаантай. Iron Man харин үлдсэн авенжерүүдтэй хамтран ажилласаар байгаа. 

Огторгуйн хамгаалагчид юу хийж яваа юм?

Өнөөг хүртэл Guardians of the Galaxy (Огторгуйн хамгаалагчид) Марвелын кино ертөнцийн бусад гишүүнтэй зам огтолцоогүй. Харин Infinity War дээр Star Lord (Оддын эзэн) болон түүний багийнхан Таносын эсрэг нэгдэнэ. Үнэндээ Таностой хийх тулаан Тони Старк, Стив Рожерсоос илүү Огторгуйн хамгаалагч нарт чухал. 

Учир нь Небула Гамора нарыг хүүхэд байхад нь Танос үрчлэн авч супер алуурчин болгож өсгөсөн. Танос тэднийг хооронд нь тулалдуулж, дарамталдаг, Небула байнга ялагддаг болохоор агуу тулаанч болгохын тулд биеийн хэсгүүдийг нь тасдан авч, оронд нь төмөр суулгадаг байв. 

Drax the Destroyer (Сүйрүүлэгч Дрэкс) гэр бүлийг нь хөнөөсөн гэх шалтгаанаар Таност дундаршгүй өс санасан билээ. 

Avengers: Infinity War кино дөрөвдүгээр сарын 27-нд нээлтээ хийнэ.