Сүүлийн үед банкны зээлийн дээд хэмжээг тогтооно гэсэн санаачлага газар авсаар иргэдэд зээлийн хүүг тэдний хүссэн хэмжээнд буулгах нь гэдэг хүлээлтийг үүсгэв. Харин бодит байдлыг эргэн харцгаая.

Болдог бол төв банк бодлогынхоо хүүг шууд жилийн 14-өөс 5 хувь хүртэл бууруулаг л дээ. Ер нь хэд ч болгож бууруулах эрх нь тэдэнд бий. Тэгвэл арилжааны банкууд жилийн 10-12 хувийн хүүтэй хадгалуулсан иргэдийн хадгаламжийн хүүг 3 хувь болгож бууруулахаас аргагүй. Учир нь банк хадгаламжийн жилийн 12 хувийн хүүгээ эрсдэлгүй хадгалуулж, ашигтай биш юмаа гэхэд алдагдалгүй хадгалахын тулд эдийн засаг нь сөхөрчихсөн өндөр эрсдэлтэй бизнесийн орчинд хэрэгтэй хэрэггүй хүнд зээл өгч араас нь залбирч суухаар төв банкны 14 хувийн хүүтэй үнэт цаас аваад бүтэн нойртой унтах сайхан боломж юм.

Хэрвээ тийм сайхан зээлийн хүүтэй дайралдвал би хамгийн түрүүнд зээл авч үйлдвэр барьмаар байна. Надтай адил хэдэн мянган хүнд зээлийн хэрэгцээ бий. Энэ бол бэлэн мөнгөний эрэлт. Харин хадгаламжаас нь доогуур бодлогын хүүг хатуу тогтоочихвол зардлаа олохын тулд банк мэдээж хадгаламжийн хүүгээ бууруулна. Энэ тохиолдолд хүмүүс бүх төгрөгөө валютын эсвэл алтны хадгаламж болгох нь дамжиггүй. Энэ бол зүгээр л хүний өөрийнхөө эрх ашиг, аюулгүй байдал, эрсдэлээ түрүүлж бодсон "аргагүй хамгаалалт" юм. Үүнийг зах зээлийн эдийн засгийн хууль гэдэг. Манай улсын инфляци жилийн 10 хувьтай байхад хүн мөнгөө инфляциас доогуур хадгалуулахгүй.

Угтаа хадгаламжаасаа ашиг олоод байгаа ч юм биш инфляцид идүүлж хорогдуулахгүй амлуулаад л таарч байгаа нь тэр. Дээрээс нь долларын ханш 2500 төгрөгтэй байхад долларын хадгаламжийн хүү 6 орчим байх нь бас аргагүй. Хэрвээ долларын ханш 1000 төгрөг байсан бол төгрөгийн хүүг буулгаж болох сон. Тэгэхээр төгрөг долларын хадгаламжаас доош орж буувал дээр хэлсэнчлэн бүх хүн мөнгөө ханш нь өсч буй алт эсвэл 6 хувийн хүүтэй долларын хадгаламжинд хадгалуулах эсвэл өөр өндөр өгөөжтэй орчин руу гадаад дотоод гэлтгүй дайжуулахад хүргэнэ.

Учир нь бодлогын хүү 5 юм чинь хадгаламжийн хүү 3 болно. 3 хувийн төгрөгийн хүү гэдэг бол 1,5 хувийн долларын хүү гэсэн үг. Таньд цуглуулсан валютаа жилийн 6 эсвэл 1,5  хувийн хүүтэй эсвэл хадгалуулах уу гэсэн сонголт байна. За тэгээд сайнаар бодоод бодлогын хүү буулаа бүгд төгрөгөө доллар луу шилжүүллээ. Долларын эрэлт ихсэж, төгрөгийн ханш 5000-10,000 болж чөлөөт уналт хийнэ. Чөлөөт уналтын хурд ядаж 9,8м/с байдаг бол энэ уналтын хурдыг төсөөлөхөд бэрх юм. Хэрвээ тийм сайхан хүүгээр тэрбум төгрөгийн зээл авбал би лав 600 саяд таарсан доллар худалдаж аваад талыг нь Хятад, үлдсэнийг нь Герман руу шилжүүлж тоног төхөөрөмж авна. Энэ нь бас л доллар өсөх шалтаг болно. 

Долларын ханш өсөөд 5000 төгрөгтэй тэнцлээ гэж бодъё. Маргаашаас нь биш юм аа гэхэд нэг сарын дотор бүх барааны үнэ 2-3 дахин өснө. Валютын ханш өссөн тул 90 хувь нь импортоос хамааралтай улсад үнэтэй валютаар 2 дахин үнэтэй шатахуун, хувцас, гурил будаа орж ирнэ. Үүнийг үнийн өсөлт буюу инфляци гэнэ. Мэдээж нифляци, валютын ханшны учир шалтгааныг тайлбарлаад үргэлжлүүлвэл макро үзүүлэлтийн дуусашгүй хэлхээсүүд хөврөх нь дамжиггүй. Ингэж зээлийн хүүг хүчээр буулгаснаар доллар 2 дахин өсч, бүх ахуйн барааны үнэ 2-3 дахин, инфляци 2 оронтой тоондоо эрэмбэ ахиж, иргэдийн худалдан авах чадвар алдагдана. Цаашлаад байгууллагуудын гадаад дотоод өрсөлдөх чадвар суларч, улмаар гадаад төлбөрийн тэнцэл тасарч эдийн засгаа сүйрүүлэх томоохон эрсдэл үүсч байгаа юм. МЭДЭЭЖ ХЭДЭН БАНК ДАМПУУРАХЫГ ТААШГҮЙ

Гэхдээ улс төрчид маань ийм тэнэг зүйл хийхгүй байх. Зах зээлийн эдийн засаг эрх чөлөөтэй иргэдийн аюул, эрсдэлээс эмээх рефлексэнд уягдаж явдаг тул тэр үзэгдэл болоод урсгалыг хүчээр зохицуулах нь богино хугацаандаа үр дүн гарах мэт санагдавч, урт хугацаандаа олны хүч тэсэрч сүйрэлд хүргэдэг түүхийг капиталист орнуудын түүх хангалттай харуулсан байдаг.  

Эцэстээ эдийн засаг бүтцээрээ сайжирч байж  зээлийн хүү буурахаас биш аль нэг улс төрийн намын санаачилсан олон нийтэд таалагдах зарчимтай хуулиар банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоовол сөрөг үр дагаврыг нь иргэд л нуруундаа үүрэх юм.