Дуучин Ариана Грандэ, влогчин Лайза Коши, makeup артист Жеймс Чарьлз тэргүүтэй интернетийн хамгийн алдартай хүмүүс багтдаг уг жагсаалтад Өмнөд Солонгосын к-поп хамтлаг BTS гурав дахь жилээ бичигдлээ.

Jin, Jimin, Jungkook, J-Hope, RM, V болон Suga гэх долоон гишүүнтэй энэхүү хамтлагт Гахай жил тун ч их олз омог авчирч буй. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Map of the Soul: Persona нэртэй томоохон хэмжээний цомог гаргасан. Дашрамд дуулгахад, үүнд Америк дуучин Хоолситэй хамтарсан “Boy with Luv” дуу нь багтсан билээ. 

Цомгийн урьдчилсан захиалга эхэлснээс хойш олон улсад 3 сая хувь борлогдож, “Boy with Luv” дуу нь 65 гаруй орны iTunes-ийн чартад тэргүүлсэн аж. Мөн Love Yourself: Speak Yourself аялан тоглолтын Калифорнийн алдарт Rose Bowl стадионы тасалбар 100% дуусаж бас нэгэн дээд амжилт тогтоолоо. Лондоны Wembley стадион ч мөн BTS-ийн шүтэн бишрэгч охидоор “хахсан” гэж болно. Сонирхуулахад, Wembley-д Майкл Жексон, Бейонсе, Queen тэргүүтэй хөгжмийн супер одод тоглолтоо хийсэн агаад BTS нь энэ агуу тайзнаа гарах анхны к-поп хамтлаг боллоо.

Хөгжмийн чартуудыг тэргүүлэхээд зогсохгүй тэдний гаргасан BTS World нэртэй тоглоом нээлтээ хийсэн даруйдаа 25 орны “App Store” гар утасны аппликейшн татах онлайн дэлгүүрийн хамгийн эрэлттэй апп болсон гэнэ. Дэлхийг эзэгнэнэ гэж үүнийг хэлдэг бол BTS хэдийнэ оргилд нь гарчээ.